Нийслэлийн архивын газрын дарга С.Гаваа албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрийн төрсөн дүү С.Ганцэцэгийн нэр дээр анх үүсгэн байгуулсан “Архивын хөгжлийн сан” ТББ-аар дамжуулан их хэмжээний мөнгийг хувьдаа авсан, Нийслэлийн архивын баримт материалыг асар өндөр үнээр хадам ээжийнхээ удирддаг СӨХ-ийн подвольд хадгалуулсан байдаг. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийсэн “Нийслэлийн цахим архив”-ын программыг төрийн өмчит байгууллагуудад дамлан худалдсан гэх асуудлуудыг хөдөлшгүй нотлох баримт, гэрчийн өгсөн баримт мэдээлэлд тулгуурлан миний бие бичиж, цувралаар нийтэлсэн билээ. С.Гаваагийн авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой уг асуудлуудыг шалгуулах өргөдлийг холбогдох бүх баримт материалуудын хамтаар 2017 оны арванхоёрдугаар сард АТГ-т шалгуулахаар нэгэн иргэн мөн өгсөн байдаг юм.
Эзэн холбогдогч нь тодорхой, идсэн уусан нь баримттай тус хэрэгт АТГ-аас 170200225 дугаартай хэрэг үүсгэсэн боловч өнгөрсөн зургаан сарын хугацаанд мөрдөн шалгах ажиллагааг явуулаагүйгээр барахгүй, С.Гаваагаас ганц хоёр удаа гэрчийн мэдүүлэг авсан болоод орхисон байна. АТГ-т С.Гаваагийн авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой асуудлаар өргөдөл гаргасан иргэн хэргийн явц ямар байгаа, хэрхэн шийдвэрлэж талаар долоо хоног тутам АТГ-аас тодруулахад “Бид шалгаж байгаа” гэдгээс өөр ямар нэгэн хариулт өгдөггүй байсан байна. Гэвч бодит байдал дээр Нийслэлийн архивын газрын даргаар тасралтгүй 28 жил ажиллахдаа АНУ-д охиноо өндөр төлбөртэй сургуульд сургаж, Монголын толгой баячуудын амьдардаг тансаг зэрэглэлийн орон сууцанд амьдрах хүртлээ баяжсан С.Гавааг огт шалгаагүй гэдэг нь АТГ-ын 2018 оны зургадугаар сарын 19-ний өдрийн 06/5261 албан бичгээр тогтоогдлоо.
С.Гаваа өөрийнх бузар булхайг илчилсэн баримт материалуудыг цувралаар илчлээд эхэлмэгц “нэр төр, алдар хүндэд нь халдсан” хэмээн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2018 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр гомдол гарган намайг матаж байв.
Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс өнгөрсөн хоёр сарын хугацаанд С.Гаваагийн авлига албан тушаалаа урвуулан ашигласан тухай 95 хуудас бүхий хавтаст хэрэг бүрдүүлэн үүсгэн шалгасны эцэст Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заалтыг үндэслэн “Чиний гаргаж тавьсан С.Гаваагийн авлига ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой баримтад АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй” учраас С.Гаваа буруугүй гэсэн үг. Тиймээс чамайг бусдын нэр төр алдар хүндэд халдсан, гүтгэсэн гэх бодит үндэслэл гарч ирлээ” хэмээн намайг хоёр сая төгрөгөөр торгох шийдвэр гаргалаа.
Энэ бүхнээс үзвэл АТГ авлигачтай тэмцэх бус авлигачдыг дэмжигч байгууллага болсон гэж үзэхээр байна. С.Гаваа нь төрийн жинхэнэ албан хаагч болохын хувьд “Архивын хөгжлийн сан” ТББ-ын санхүү дансыг барьж, ашиг орлого олж байгаа нь Төрийн албаны тухай хууль, Төрийн албан хаагчийн хувийн ашиг сонирхлын тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн бодит үйлдэл мөн юм.
АТГ иргэдийн өгсөн өргөдөл, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан авлигач дарга нарын авлига ашиг сонирхлын зөрчилтэй үйлдлийг огтоос хэрэгсдэггүй, авлигачдыг хаацайлж, хамгаалдаг, өөгшүүлэн дэмждэг “Хадны мангаа” болж хувирсныг Монголын нийт иргэд хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэдэгт итгэж байна.
Монгол Улсын хөгжлийн чөдөр тушаа болсон авлига хэмээх аймшигтай мангастай тэмцэх нь, ашиг сонирхлын зөрчилтэй дарга удирдлагуудыг илчилж, төрийн албанаас зайлуулах нь улс эх орныхоо төлөө хийж иргэний журамт үүрэг хэмээн итгэж, өнөөдрийг хүртэл би шантралгүйгээр тэмцсээр, бичсээр ирсэн.
Гэвч бодит байдал дээр авлигачдыг илчилсэн хүн нь хохирч, авлигаар баяжсан хүмүүс нь хождог цөвүүн цаг ирсэнд туйлын ихээр харамсаж байна. Авлигачдыг хамгаалж, тэднийг өөгшүүлэн дэмждэг АТГ-ын ажилтнуудыг асар их мөнгөөр цалинжуулж, хуулийн болон эдийн засаг нийгмийн баталгаагаар хангахыг бид хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй. Нэн даруй тус байгууллагыг татан буулгах, эсвэл авлигачдыг хаацайлж хамгаалсаар байгаа үжирсэн дарга, ажилтнуудыг нь бүрэн бүрэлдэхүүнээр солих цаг болсон гэдгийг энэ явдал харуулж байгаа юм. Үүнийг та бүхэн нийтээрээ дэмжин уриалж оролцоно гэдэгт итгэж байна. Өнөөдөр Монгол Улсад шударга ёс ус агаар мэт хэрэгтэй байгаа. Гэтэл шударга ёсны хамгийн аймшигтай саад тээг нь АТГ болж хувирсанд итгэж чадахгүй байна.
С.Гаваа нь зөвхөн 2013 онд л гэхэд “Архивын хөгжлийн сан” ТББ-ынхаа “Худалдаа хөгжлийн банк” дахь 452***899 дугаартай дансанд төрийн болон хувийн байгууллага, аж ахуйн нэгж, тэр бүү хэл өөрийнхөө удирддаг Нийслэлийн архивын газар зэрэг байгууллагаас 52 удаагийн гүйлгээгээр нийт 41.552.900 төгрөгийн орлого төвлөрүүлж байсан юм. “Архивын хөгжлийн сан” ТББ-ын дансанд татан төвлөрүүлсэн мөнгөнөөсөө С.Гаваа АНУ-д суралцдаг ганц охин Б.Бадмаараг руугаа хоёр удаагийн гүйлгээгээр 4.250.000 төгрөг, өөрийн хувийн эзэмшлийн орон сууцныхаа төлбөрт 5.800.000 төгрөг шилжүүлсэн байв. Мөн 11.1 сая төгрөгийг бэлнээр, 7.4 сая төгрөгийг чек хэлбэрээр гаргуулж авсан төдийгүй, өөрийн хувийн эзэмшлийн “У*У 55-56” улсын дугаартай автомашины гражийн төлбөр болох нэг сая төгрөгийг мөн л дээрх байгууллагаасаа шилжүүлсэн байсныг дансны хуулгынх нь хамтаар би илчилж байсныгаа өнөөдөр та бүхэндээ дахин хүргэж байна.
Миний бичсэн дөрвөн цуврал нийтлэлийн зөвхөн ганцыг нь л АТГ-аас шалгахад С.Гавааг төрийн албанаас зайлуулж болох байв. Миний бие авлигын албан тушаалын хэргийг илчлэн дэлгэх, таслан зогсоохын төлөө шантралгүй тэмцсээр байх болно гэдгээ үүгээр илэрхийлж байна. Мөн ард иргэдийг миний энэ тэмцэлд дэм өгч, авлига ашиг сонирхлын зөрчилтэй бүх баримт нотолгоонуудыг тасралтгүй ирүүлсээр байх болно гэдэгт итгэж байна.