Австрали тэр чигээрээ түймрийн гамшигт байна. Ан амьтан, араатан жигүүртэн, газар нутаг, хүн гээд байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр тив тэр чигээрээ гамшгийн байдалд байна. Монгол Улс ч чадлынхаа хэрээр тусалж байна. Гандантэгчэнлин хийдэд Гадаад харилцааны яамны газрын дарга эмэгтэй, Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны ажилтантай нийлээд лам нараар ном хуруулж байна.
Аргаа барсан хүний л ажил. Гэтэл Австралид бороо орчихож байна. Түймрийг нь унтрааж дийлээгүй л болохоос бороо орсон уу, орсон. Номоо жаахан дутуудуулчихсан бололтой. Ганданд ном хуруулахад ажил бүтэж, хийморь лундаа сэргэж, хол ойрын гай зовлон холуур тойрдог гэдэгт монголчууд итгэсээр ирсэн, итгэж ч байгаа. Оскарын шагналд нэр дэвшсэн Холливудын жүжигчинд зориулж ном уншуулахад л нөгөөх нь Оскар авчих жишээний.
Хөлбөмбөгийн ДАШТ, тив дэлхийн тэмцээн, олимпийн наадмын үеэр Гандангийн лам нар Хийморийн сан, Цагаан шүхэртийг зай завсаргүй дуржигнуулдаг юм гэсэн. Уншуулж байгаа нь ч, уншиж байгаа нь ч “бээст”. Хаа холын Австралид бороо оруулчихаж байгаа юм чинь Монголынхоо тэнгэрээс дуртай цагтаа бороо оруулж, дуртай үедээ тэнгэрийг цэлмээх хүч манай хэдэн ламбугайд байгаа л юм байна. Зуд турхан, үер усны гамшиг, ган гачгийг бол үзэхгүй байж болохоор байна.
Жаахан сэтгэл л гаргачихмаар юм байна. Хэн нэгэн мөнгө төлөхгүй л бол ном айлтгаж болдоггүй ч байж болох юм. Хүнс, хөдөө аж ахуйн сайдын ажлын чиг үүрэг, хуваарьт жилийн дөрвөн улиралд Гандан хийдэд ном айлтгуулж, малчид тариаланчдаа даатгах тухай албан даалгавар оруулж баймаар юм байна. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд хүн амаа өсгөх, ажилтай орлоготой байлгах, Эрүүл мэндийн сайд иргэдээ ханиад томуу тусгахгүй байх, Боловсролын сайд хүүхдүүдийг онц сургах зэрэгт нь зориулж ном хуруулдаг байя. Лам нар маань ч ажилтай орлоготой болчихно. Гандан хийд маань ч гялтайгаад явчихна. Мөнгө санхүүгүй учраас бурхан тахилынхаа тоос тортгийг ч цэвэрлэж чаддаггүй юм гэсэн. Тив алгасан бороо оруулж түймрийн гамшгийг дарах чадалтай лам, бөө нарынхаа хүчийг зөв зүйлд ашиглаж, Монголдоо, монголчууддаа ээлтэй тустай юм хийх хэрэгтэй байна. Үүнийг санаачилж, ажил хэрэг болгох хүн хэрэгтэй байна. Уг нь ч сонгууль дөхөж байна даа.