ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Балай”-чууд Баянзүрхээс нэр дэвш

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-01-14

Сонгууль хаяанд ирсэн энэ үед хэн хаанаас нэр дэвших вэ гэдэг хамгийн чухал асуудал. Тийм ч учраас нэр дэвшигчид дор бүрнээ тойргоо сонгож, өөр өөрийн аргаа ч боловсруулж эхэлжээ. Хэн хэн хаанаас нэр дэвших нь эхнээсээ тодорхой болж буй. Энэ удаагийн сонгуулийн нэр дэвшигчдийг анзаарвал Баянзүрх дүүргээс нэр дэвшигчдийн арга барил бусдаасаа өвөрмөц, хурц гэмээр шийдэлтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл, цахим орчин дахь “од”-ууд энэ дүүргийг сонгосон аж. Тухайлбал, та бидний андахгүй таних “поп”-ын ертөнцөд амжилттай яваа УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Өүлэн эх Өнөрбэхитэй мөр зэрэгцэн, Үндэсний фронтын хаан, хатан болоод буй тоймч Ш.Гантулга тэргүүтэй хүмүүс энэ тойргоос нэр дэвшихээр зэхэж буй гэнэ.

Энэ  тойргийн нэр дэвшигчдийн баримталж буй гол арга нь ямар ч сэдвээр хамаагүй олны анхаарлын төвд орох юм. Өөрөөр, хэн хүн зориглож өөрийгөө Өүлэн эх хэмээн өргөмжилж зүрхлэхгүй. Хэн ч түүн шиг олон жил хүний нууц амраг явснаа зарлаж чадахгүй. Ухаан дутсан хүмүүс үүнийг тэнэглэл гэж ойлгож, “балай”-чуудын эгнээнд элсүүлдэг. Гэтэл энэ бол олны анхаарлын төвд орох, тодруулбал, сонгуульд ялалт байгуулах хэний ч санаагүй мэргэн арга байж. Нарийн учрыг ухаж ойлгоогүй хүмүүсийн “Балай” хэмээн тодорхойлогчид бүгд Баянзүрх дүүргээс нэр дэвшихээр болсон гэнэ билээ. Тэд нэгдэж нэр дэвших дүүргийнхээ онцлогыг ч олон нийтийн сүлжээгээр зарлаж байна. Тэдний тодорхойлсноор Баянзүрх бол хайрын дүүрэг аж. Эрхэм гишүүн, эгэл иргэнгүй нэг нэгнээ ойлгож дэмждэг цор ганц дүүрэг гэнэ. Хамаг Монголыг удирдах хаад, хатад энэ дүүрэгт л байдаг аж.

Тиймээс жагсаал цуглааны хаан, хатан хэмээн өөрсдийгөө өргөмжилсөн Л.Өнөрчимэг, тоймч Ш.Гантулга нар энэ дүүргээс нэр дэвшихгүй өөр хаанаас нэр дэвших билээ дээ. Ерөөс сонгуульд ялалт байгуулъя гэвэл ямар ч аргаар хамаагүй соошл “од” бол. Ингэж чадвал найдвартай сонгогдоно гэдгийг хаад, хатад яахин андах билээ. Тэгэхээр Осоржамаа тэргүүтэй цахим ертөнцийн “одод” энэ удаа улс төрд хүчээ үзэх хэрэгтэй. “Балайрах” замаар олны анхаарлыг татаж чадвал, найдвартай сонгогдоно гэдгийг Өүлэн эх яахан андуурах билээ. Тиймээс “балай”-чууд бүгд Баянзүрхээс нэр дэвш. Баттай гарах биз ээ.