Төрд олон жил зүтгэлээ, амьдралынхаа хамаг сайхан он жилүүд, залуу насаа энэ улсынхаа төлөө зориуллаа гээд хэдэн хүн уйлбал гоё уу. Гэхдээ уйлах болоогүй байх шүү. УИХ-д долоон удаа сонгогдсон гэхээр нийтдээ 28 жил төрд суусан хоёр хүн бий. Биеийн масс, пропорцын хувьд бол гүзээгээ унжуулсан 30 настнуудын дэргэд тэд 25-т шиг л жавхалзаж яваа. Нүдний гал цог, нүүрний үрчлээс энэ тэрийг бол яриагүй шүү. Тэд бол УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан хоёр. Тэд долоон удаа парламентад суусан. Энэ удаа найм дахиа үзээд алдана гэсэн. Төр улсыг 40 жил удирдсан маршал Ю.Цэдэнбалын рекордыг эвдэхэд ч ойрхон байна л даа. Одоо гурван удаагийн сонгуульд ялчихвал л болох гээд байдаг. Японы парламентын эрүү өвдөг нь нийлсэн хөгшчүүдийн дэргэд манай хоёр ч хэл ам, хэрүүл тэмцэл, арга туршлага, бие хаагаараа илүү гарна уу гэхээс дутахгүй.
Тэдэн шиг шалихгүй юман дээр уучлал гуйж, бөхөлзөж намба алдахгүй. Тун чиг гүргэр. Дураа хүрвэл цэхэлзчихнэ, дургүйгээ хүрвэл хэрэлдчихнэ. Аа бас л аатай хоёр шүү дээ. Хэдэн жил явна аа явна. Энэ хоёрын араас тавантаа сонгогдсон Ч.Улаан, Н.Энхболд, дөрвөнтөө сонгогдсон дархан аварга Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй зургаан шижигнэсэн залууст бол ирээдүй байна шүү, байна. Сайд хийж үзсэн үү, үзсэн. Бас л харих болоогүй бөхчүүд л дээ. Сүр нь хаачих вэ дээ. Үхсэн буурын толгойноос амьд ат айна гэж үг бий. Тэдэнд юу ч хэлээд, юу ч гэж шүүмжлээд хэрэггүй. Тоохоосоо өнгөрсөн, бүр дөжирчихсөн. Улстөрч хүнд байх ёстой хамгийн сайн чанар бол тэр. Тийм болохоор сонгогчдоо л аргалчихаад байвал ахин дахин парламентад сууна гэдэг үдийн будаа. Тойргоо жилдээ нэг эргэж тойрч, сонгогчиддоо ном, цаг, гурил будаа тэргүүтэн тараагаад, нам үүрийн дарга нараа Итгэлт хамбад мөргүүлж, Байгаль далай, Манжуураар нэг сайн аялуулчихвал сонгогчид гэдэг чинь бороо мэт шаагиад л ороод ирнэ. Тийм биз дээ. Манай хэд мэдэж байгаа юм чинь, мань мэтийн зөвлөгөө илүүднэ. Сонгуулийн сурталчилгааны хугацаа эхлэхээс өмнө Хайлаар, Эрхүүгээр зугаалуулж, хэвийн боовоо тарааж амжих л байгаа даа гэж санаа зовох юм.
“Айлын хүүхдүүд айхтар, аль хэдийнэ юмаа тараагаад, үнэгүй байр машин амлаад эхэлчихсэн. Гэтэл манай “диптаат” маанайчихаад л хүн амьтантай хэрэлдээд л яваа харагдана лээ”. Энэ саяхны яриа. Гэснээс “манай диптаат” залуухан хүн. Парламентад гурав, дөрөв, тав, зургаа, долоон удаа сонгогдсон “хөгшин глюкоз”-ууд чуулганы хуралдаан болгон дээр дооглож доромжилж, басамжилж зугаагаа гаргаж харагддаг. Тэгж тэдний амны зугаа болж байснаас эхнэр хүүхэд, аав ээж, ах дүүсээ аваад гадаадад гарч амьдарцгаах хэрэгтэй. Харин 40-өөс дээш насныхнаа юу яаж дуусахаар нь ирж, төр улсдаа хүчээ өгнө биз. Ирэх сонгуульд залууст боломж бараг л олдохгүй сураг дуулдсан. Парламентын өвөө, эмээ нар чинь мөд суудлаасаа буухгүй, тахимаа өгөхгүйгээр шийдэцгээж байх шиг байна. ДЭМБ-аас хүртэл 65 насыг залууд тооцно гэчихлээ. Сонгуулийн дараа шинэ Засгийн газар бүрдэнэ. Тэнд ч залуу улстөрчдөд сандал суудал олдохгүй байх. Одоогийн парламентад байгаа, эргэлзээтэй зарим нэг нөхөр сайдын суудлаар тойргоо “наймаалцаад” эхэлсэн сураг байсан. Парламентад гурваас дээш удаа сонгогдсон, үхэхээс бусдыг үзсэн гишүүддээ боломж олгож, бүх нийтээрээ “хурдан хурдан” дэмжээд, сонгоод сонгоод явчих уу даа, айн.