“Хүүхдүүдээ хүмүүжүүлсний хэрэггүй. Тэртээ тэргүй тэд таныг дуурайна. Та эхлээд өөрийгөө хүмүүжүүл” гэдэг үг бий. Яг л тэр зарчмаар эцэг, эхчүүд та бид хүүхдүүдээ “тэгж цэвэрлэ, ингэ хурааж сур” хэмээн загнаж, зэмлэхээсээ урьтаж, би тийм үйлдлийг зөв хийж чаддаг билүү хэмээн өөрөөсөө бас асуугаад үзээрэй. Орон гэртээ эхнэртэйгээ, эсвэл нөхөртэйгөө маргалддаг бол таны охин, эсвэл хүү чинь том болоод яг л тэр замаар явна гэсэн үг. Архи ууж ирээд агсам согтуу тавьдаг бол таны хүү ч ирээдүйд яг л тийм хүн болно гэсэн үг билээ.
Хүүхдэд өсөж буй орчин, үлгэрлэж буй хүмүүсийн зан чанар, аливаад хандаж буй хандлага хамгийн чухал байдаг учраас ногоон гэрлээр гараарай гэж хичээл залгахаас илүү ногоон гэрлээр дагуулан гарч буй аав, ээж, ах дүүгийнх нь зөв үлгэрлэл тэднийг сургадаг билээ. Гэтэл ажиглаад байхад манай эцэг, эхчүүд сургуулийн насны хүүхдээ чирчихээд л гарцгүй газраар зам гарч байгаа тохиолдол маш олон харагдах боллоо.
Хоёрхон алхаад л гэрлэн дохио байхад хөдөлгөөнд оролцож буй машинуудыг гараараа дохиж зогсоогоод л хүүхдээ чирээд гүйж буй хариуцлагагүй эцэг, эхчүүдтэй уншигч та нэг биш удаа тааралдаж байгаа байх. Мөн та өөрөө ч тийм эцэг эхчүүдийн нэг юм биш биз. Тэгвэл яг өнөөдрөөс эхлэн энэ үйлдлээ больсон нь дээр гэж зөвлөж байна. “Ээж, аав минь ингэж гарч болж байна. Би ч гэсэн гарч болох юм байна” гэсэн бодолтой болсон хүүхдүүд гарцгүй газраар гарч яваад осолд өртөж амиа алдаж байгаа нь дэндүү харамсалтай биш гэж үү.
Зөвхөн 2019 онд гэхэд л 100 гаруй хүүхэд зам тээврийн ослоос болж амиа алджээ. Тэдний цөөнгүй хувь нь гарцгүй газраар зам хөндлөн гарах гэж яваад амиа алдсан байгаа юм. Тэгэхээр үлгэрлэ бас дахин үлгэрлэ гэдгийг үргэлж өөртөө сануулж, үр хүүхдийнхээ төлөө залхуурлаа хойш тавьж сураарай. Ганц өөрийнхөө хүүхдийг ч бус өрөөл бусдын хүүхэд ч таны үйлдлийг харж байгааг ямагт санаж гарцаар гарч, гудамжинд биеэ зөв авч явж сураарай гэж уриалж байна. Зөв хүний үйлдэл нүднээс далд ч зөв байдаг гэгчээр үр хүүхдийнхээ өмнө үргэлж зөвөөр үлгэрлэж гэмээнэ ирээдүйдээ та сэтгэл хангалуун, үр хүүхдийнхээ сайн сайхнаар бахархаж явах нь дамжиггүй.