ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ц.Түвшинжаргал: Азтай зорчигч хоёр сая төгрөг хожино

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-01-20

Иргэдийг нийтийн тээврийн “U-money” картаар идэвхтэй зорчуулах,  урамшуулах зорилготой  “Ёндоотой карт” хөтөлбөрийг сар бүр зохион байгуулж азтан шалгаруулахаар болжээ. Энэ талаар “Улаанбаатар Смарт карт” компанийнхан Харилцагч, үйл ажиллагааны газрын ахлах менежер Ц.Түвшинжаргалаас тодрууллаа.  

-“Ёндоотой карт” хөтөл­бөрийг ямар хэлбэрээр зохион байгуулах вэ? 

-Автобусны картны ар талд 16  орон бүхий картын дугаар байдаг. Тухайн сард 10-аас олон удаа зорчсон хэрэглэгчдийн  дунд урам­шуулалт хөтөлбөрийг зохион байгуулах юм. Е баримтын сугалаатай төстэй буюу картын дугаарыг хойд талаас нь тодруулах зарчмаар  явна. Ингэхдээ дөрвөн орон таарсан хэрэглэгч сарын турш нийтийн  тээврээр үнэгүй зорчих картын эрх хожино. Харин  таван  орон таарвал 500 мянган төгрөг, зургаан орон таарвал хоёр сая төгрөгийн шагналтай.  Урамшуулалт хөтөлбөрийг 2020 оны турш сар бүр зохион байгуулахаар төлөв­лөсөн. 2020 он нийтийн тээврийн үйлчилгээнд Удирд­лага мэдээллийн болон Цахим төлбөрийн систем нэвтэрсний таван жилийн ой тохиож буйгаараа онцлогтой.

-Олон төрлийн картыг иргэд ашиглаж байгаа шүү дээ.  Тухайлбал, оюутан,  ахмад настнууд  ч мөн урамшуулалт хөтөлбөрт хамрагдаж азтан болох боломж бий юу?

-Хэрэглэгчид урамшуулалт хөтөлбөрт хамрагдахын тулд  төлбөртэй буюу энгийн болон хүүх­дийн, Хаан банк, үүрэн хол­бооны операторуудтай хам­­тар­сан картуудыг хэрэг­лэсэн байх ёстой.  Нэг сарын шаг­налын  сан 10 сая төгрөг бай­гаа бөгөөд бүтэн жилийн хуга­­цаанд нийтдээ 120 сая төг­­рөгийн хонжворыг 1321 хүнд олгох төлөвлөгөө гарсан. 

-Азтанаа НӨАТ-ын баримтын азтан тодруулдаг шиг тодруулна гэсэн үг үү?

-Тийм ээ. Сар бүрийн хоёр дахь долоо хоногийн лхагва гарагт телевизээр шууд дамжуулна.  Мөн фэйсбүүкээр шууд дамжуулах учраас олон нийтэд хүртээлтэй байж чадна. Манай компанид “U-money” картаар үйлчлүүлж буй зорчигчдын тоонд суурилсан тоо гаргадаг. Өдөрт  ачааллаасаа шалтгаалаад 500-700 мянга орчим зорчигч нийтийн тээврээр зорчдог. Ингэхээр картаараа  сард 10-аас дээш зорчсон л  бол орол­цох боломжийг олгож байгаа юм. Урамшуулалт хөтөл­бөрийг сард  400 гаруй мянган иргэний дунд зохион бай­гуу­лах боломжтой гэсэн статис­тик мэдээллийг бидэнд өгсөн. 

-Нэгдүгээр сарын азтанг хэзээ шалгаруулах вэ? 

-Хоёрдугаар сарын хоёрдахь долоо хоногт эхний тохирол болно. Өөрөөр хэлбэл,  нэг­дүгээр сард зорчсон картын бүртгэлийн дугаар хамаа­тай. Одоо ашиглаж байгаа картууд аль хэдийнэ урам­шуулалт хөтөлбөртөө тоологдоод явж байгаа гэж ойлгож болно. 

-Автобусны карт цэнэг­лэх цэгүүдийн тоог дахин нэмсэн үү?

-Улаанбаатар хотод өнөөд­рийн байдлаар автобусны карт борлуулах, цэнэглэх 567 цэг иргэдэд үйлчилж байна. Эдгээр нь голчлон автобусны буудлын ойролцоох түргэн үйлчилгээний цэг, 24 цагийн үйл­чилгээтэй сүлжээ дэл­гүү­рүүд юм. Манай компаниас цэгүүдийн тоог нэмэг­дүү­лэхээр “Повер софт” компани­тай хамтран “Ontime пос” үйл­чилгээг ашигладаг аж ахуйн нэгжүүд  карт цэнэглэх боломжийг бий болголоо. Өөрөөр хэлбэл, ontime посын үйлчилгээг ашигладаг аж ахуйн нэгжүүд манайд хандан автобусны карт цэнэглэх цэг болох боломжтой болсон. 

-Карт цэнэглэх, борлуу­лах цэгүүд оройтож нээ­гээд, эрт хаадаг гэх шүүмж­лэл их байдаг шүү дээ?

-Гэрээний дагуу “U-money” карт цэнэглэх, борлуулах цэгүүдийг 06:00-23:00 цагт ажиллах шаардлага тавьдаг. Гэвч бодит байдалд цагийн хуваариа мөрддөггүй дутаг­дал байгаа. Тиймээс шаард­лагыг удаа дараа биелүүлээгүй цэгүүдийн гэрээг цуцлах, өөр аж ахуйн нэгжид шилжүүлэх хүртэл арга хэмжээг авч байгаа. Түүнээс гадна 06:00-08:00 цагт ажиллавал олгож буй шимтгэлээ гурав дахин, 08:00-09:00 цагт бол шимтгэлийг хоёр дахин өсгөж өгөх гэх зэргээр гэрээт цэгүүдийн цагийн хуваарийг сайжруулахад санхүүгийн хөшүүргийг ашиглаж байна. Автобусны карт цэнэглэх, борлуулах цэгүүд нийт цэнэглэсэн дүнгийнхээ нэг хувийг шимтгэл болгон авдаг.  2020 онд шугамын орлогыг нэмэгдүүлэх, бэлэн мөнгөөр зорчиж буй зөрчлийг арил­гаж, картыг хэрэглээг нэмэг­дүүлэх чиглэлд “Ендоо­той карт” урамшуулал жишиг болно. 

-Шугамын орлогод жил­дээ хэдэн төгрөг цуглардаг вэ?

-Жилдээ 40 орчим тэрбум төгрөг байдаг.