ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Юу хийхээ асуу, бид хариулъя

А.ОДСҮРЭН
2020-01-21

УИХ-ын гишүүн С.Жавхлан ард иргэдээсээ юу хийхээ сонгогчдоосоо асууж гэнэ. Арван хүний тав нь “Дуугаа л дуул” гэж гэнэ. Дуулсан нь дээр ч юм уу гэж эргэлзэж гэнэ. Дуулахгүй бол яах бол гэж бодож л гэнэ. Эцэст нь юу гэж шийдсэн нь харин сонин байна. Цаг нь болохоор мэдэгдэл хийх биз. Яг түүн шиг сонгогчдоосоо “Би яавал дээр вэ” гээд асуучих гишүүн энэ УИХ-д олон байгаа байх. Тухайлбал, харих болоогүй аварга бөх А.Сүхбат маань Төв аймгийнхнаасаа ийм санал асуулга явуулчихвал, баараггүй арван хүний арав нь барилд гэж хэлнэ.

Чуулганы танхимд нэг л зохимжгүй харагдаад байх юм билээ. Үг хэлж суугааг нь хараад байхад баруун аймгаас гаралтай ангийнхаа хэн нэгнийг амлаж аваад нохой мордчих гээд байгаа ч юм шиг сонин мэдрэмж төрөөд байдаг юм. Төв цэнгэлдэхэд түрүүлчихээд дэвж яваагаар нь, эсвэл зодог тайлчихаад хадмынхаа өвдгийг түшээд уйлж суугаагаар нь төсөөлөөд бүр ч хачин.

Говийн найрагч Гомпилдоогийн Мөнхцэцэг, Арын хангайн шүлэгч Ж.Мөнхбат хоёр бол сонгогчдынхоо олонхийн саналаар найдвартай “Болор цом” руугаа явна. Хааяа ч болов уянгалмаар, шүлэг найраг уншмаар санагддаг болов уу гэмээр үе үе санааширч суугаа харагддаг юм, энэ хоёр маань. Чуулганы танхимд хууль ярьж байхдаа л Д.Нацагдоржийн шүлгийн дөрвөн мөртийг уншин эшилж, Ерөнхий сайдаа загнахдаа ч хар хорын үгийг хайку болгох шахдаг авьяастнуудаа санаад байгааг мэддэг ч юм уу, үгүй ч юм уу. Б.Наранхүү, Х.Болорчулуун хоёр бол тойргийнхноосоо ч асуултгүй байх шүү.

Х.Болорчулуун гишүүний тухайд бол унаган хүрэнгээ улсын наадамд сойж, аймаг хошуу алгасан найр наадам хэсч, бай шагналаа цуглуулсан шигээ явж байвал жинхэнэ эр хүн шиг харагдана. Б.Наранхүү ч тэртэй тэргүй улс даяар алдартай уяач. Шарга азаргынхаа үр төлөөр наймаа панз хийсэн шигээ хошуу дамжин явбал сайхан. Энэ хоёр уяач хоёул алдарт уяачид. Чуулганы танхимд тэрний тэр гэж даргаараа дуудуулахаас биш уяачийн алдраар нь дуудна гэж байхгүй. Үнэн зэвүүн. УИХ-ын гишүүн гэж дуудуулах гоё уу, улсын алдарт, тод, манлай гэж цоллуулах нь гоё уу.

Бодоорой уяач гишүүд ээ.  Жагсаал цуглаанаар мэргэшсэн Л.Болд, Ж.Батзандан хоёр бол “Жагсагчдын холбоо” байгуулчихаад янз бүрийн сэдвээр, төрөл бүрийн тэмцлийн хэлбэрээр “занималдвал” гоё. Номтын тухайд гарын ая даах, үг даах, хөрөнгөлөг залуучууд л орж үйлчлүүлэх баар цэнгээний газар ажиллуулах, парламентад суух эсэхээ дорнодчуудаасаа асуучих хэрэгтэй. Сонгогчид их хоржоонтой. Аль хэдийнэ та хэдийг хэн нь юу хийхийг цаагуураа дүгнэчихсэн л яваа. Дуучин нь байна аа, аварга нь байна уу, найрагч нь байна аа, уяач нь байна аа гээд яваад очвол Их хуралд нэр дэвших гэж очдогоос чинь шал өөрөөр тосох вий. Нэг тийм хайр шингээсэн харцаар. Уяач нь зэлэн дээрээ, найрагч нь тайзан дээрээ, бөх нь дэвжээндээ л цоллуулаад сурчихвал яг болчих гээд байна л даа. Санал асуулгаа гялалзуулахгүй бол нэр дэвшигчид тодорч эхлээд байна шүү, дээрх залуус аа.