Өрхийн эмнэлгийн санхүүжилтыг 2020 оноос эхлэн нэмэхээр боллоо. Энэ талаар болон бусад цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлээс тодрууллаа.
-Өрхийн эмнэлэг буюу эрүүл мэндийн анхан шатны тусламжийн байгууллагын санхүүжилтыг хоёр дахин нэмснээр ямар давуу тал бий болж байгаа вэ?
-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг үе шаттай нэмэх заалт орсон. 2016 оны байдлаар эрүүл мэндийн салбарын санхүүжилт дотоодын нийт бүтгээгдэхүүний 2.4 хувийг эзэлж байсан бол өнөөдөр 3.12 хувь болж нэмэгдлээ. Тухайбал 2020 онд манай салбарын төсөв 120 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байгаа нь үйл ажиллагаагаа өргөтгөн, ялангуяа эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд ач холбогдол өгч байна. Энэ дунд Өрхийн эрүүл мэндийн төвийн нэг хүнд оногдох тарифыг хоёр дахин нэмэгдүүлэх шийдвэрийг УИХ төсөв хэлэлцэхдээ гаргасан. Улмаар ЭМЯ, Сангийн яамны хоёр сайдын хамрасан тушаалаар батлагдлаа.
-Одоо нэг хүний анхан шатны тусламж авах тариф хэдэн төгрөг болсон гэсэн үг вэ?
-Өрхийн эрүүл мэндийн төвийн нэг хүнд оногдох тариф өмнө нь 15200 төгрөг байсан бол энэ жилээс 30 мянгад хүрсэн. Ингэснээр иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ өмнөхөөсөө хоёр дахин нэмэгдсэн юм. Түүнээс гадна өрхийн болон сумын эрүүл мэндийн төвүүд Эрүүл мэндийн даатгалын сангаас /ЭМДС/ санхүүжих боломжийг олгоно. 2018 оноос энэ үйл ажиллагаа эхэлж, 2020 онд эрүүл мэндийн төвүүд санхүүжих төсөв бий болсон. 2018 онтой харьцуулахад 2020 оны өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүжилт 15.9 тэрбум төгрөгөөр нэмэдлээ. Эрүүл мэндийн салбарын төсвийг нэмэхээс гадна, хамгийн гол нь иргэдэд хүрэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайжрахад гол ажиллагаагаа чиглүүлж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Тухайлбал, ЭМДС-аас санхүүжээд дөрвөн төрлийн тусламж үйлчилгээг өрхийн эрүүл мэндийн төвүүд болон сумын эрүүл мэндийн төвүүд үзүүлэх боломжтой юм.
-Ямар үйлчилгээ багтдаг. Иргэд төдийлөн мэддэггүй шүү дээ?
-Гэрээр очиж тусламж үзүүлдэг. Үүнээс гадна өдрөөр судас тариа, дусал хийх гэх мэт нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх боломжтой. Мөн оношлоогооны багцыг нэмэгдүүлэх зэрэг үйлчилгээг үзүүлдэг. Ингэснээр өрхийн эрүүл мэндийн төвүүд хоёр дахь шатны эмнэлгийн тусламж үйлчилгээг ард иргэдэд үзүүлэх боломжтой юм. Өөрөөр хэлбэл, ДЭМБ-аас тавьсан эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, нэг ч хүнийг орхигдуулахгүй бүх нийтийн хамралтыг бий болгох зорилтод хүрэхэд бид санхүүжилтийг нэмэгдүүлж байгаа нь чухал алхам болсон.
-Батлагдсан 120 тэрбум төгрөгийн хэдийг нь энэ чиглэлд зарцуулах вэ?
-Өрхийн эрүүл мэндийн төвүүдээ ЭМДС-аас санхүүжүүлж байж орлого нэмэгдүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ гэсэн үг. Зөвхөн өрхийн эрүүл мэндийн төвөөр хязгаарлагдахгүй 2020 онд Сангийн яам, ЭМЯ-ны хамтран санаачилж хийсэн нэг томоохон ажил нь хувийн хэвшлийн эмгэлгүүдэд ЭМДС-аас санхүүжих, цаашлаад нэмэгдүүлэх боломж олгож байгаа. Тухайлбал, хэвтэн эмчлүүлэх тохиолдолд төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад 300 мянган төгрөг, хувийн хэвшлийн эмнэлгүүд 175 мянган төгрөгийн санхүүжилттэй байсан. Тэгвэл өнөөдөр аль аль нь ижил санхүүжилттэй болсон. Өөрөөр хэлбэл, хэвтэн эмчлүүлэхээр бол 400 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн. Тэгэхээр иргэд зөвхөн төрийн өмчийн эмнэлэгт очихгүйгээр хувийн эмнэлгээс тусламж үйлчилгээ аваад, ЭМДС-аас санхүүжих боломжтой. Ингэснээр өөрийнхөө төлсөн ЭМД-ын шимтгэлийг хүртэх боломжийг бүрдүүлж байгаа гэсэн үг.