Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын талаарх УЕП-оос оруулж ирсэн саналыг хэлэлцэхээр болсон билээ. Энэ талаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржоос цөөн асуултад хариулт авлаа.
-УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын талаарх асуудлаар Халдашгүй байдлын дэд хороо хэзээ хуралдаж, шийдвэрээ гаргах вэ. Хуралдааныг хойшлуулах боломжтой юу?
- Хуралдааныг хойшлуулахыг Н.Номтойбаяр мэддэггүй юм. Харин хүсэлт ирүүлж болно. Түүний хүсэлтийг дэд хороонд танилцуулна. Н.Номтойбаярын саналыг уншина.
-Хэзээ хуралдах вэ?
-Энэ долоо хоногт асуудлыг шийднэ.
-Ч.Улаан сайд хэзээ ирэх вэ. Дэд хороо дөрвөн гишүүнтэй хуралдаж болохгүй юу?
-Дөрвөн гишүүний ирцтэй хуралдаад санал тэнцвэл шийдвэр гардаггүй.
-Н.Номтойбаяр гишүүн хурлыг нээлттэй хийх санал гаргасан. Хурлыг нээлттэй хийх боломжтой юу?
-Нээлттэй явуулах боломж байхгүй. Прокуророос нууц гэсэн бичиг ирүүлсэн. Ийм асуудлыг дандаа нууцаар хэлэлцдэг юм. Үүний цаана нь мөрдөн байцаалтын нууц гэж бий. Дэд хороо, УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд асуудлыг шийднэ.
-Сангийн сайд, Нийгмийн хамгааллын сайд нарыг хуралд оролцуулах хүсэлт тавьсан байсан шүү дээ?
-Тэднийг юу гэж хуралд оролцуулж байдаг юм бэ, ийм зүйл байхгүй.
-Н.Номтойбаяр гишүүнийг хэдэн хэрэгт холбогдуулж шалгаж байгаа вэ?
-Түүнийг прокурор нь ярих байх. Сайд байхдаа хийж байсан ажлынх нь тухай нэг асуудал, ордон дотор болсон асуудалтай холбоотой худал мэдүүлэг өгсөн зэрэг нийт гурван асуудал байна лээ.