ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Нарангэрэл: Манай улс коронавирусын дунд зэргийн эрсдэлтэй

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-01-23

Урд хөршид гарч буй коронавирустэй холбоотой мэдээллийн талаар ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэлээс тодрууллаа.

-Коронавирусын халдвараар өвчилсөн хүний тоо хэд хүрсэн бэ. Хамгийн сүүлийн үеийн мэдээллийг өгөөч?
-Дэлхийн зарим улс оронд шинэ Коронавирусын халдвараар 282 хүн өвчилж, зургаан хүн нас барсан гэсэн мэдээлэл байна. Мөн Тайланд улсад хоёр, Япон, БНСУ-д тус тус нэг тохиолдол зөөвөрлөгдөж бүртгэгдсэн тухай ДЭМБ-аас албан ёсоор мэдээллээ. Мөн албан бус эх сурвалжын мэдээлж байгаагаар АНУ, Австрали, Филлипин улсад сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яам ДЭМБ-тай байнгын холбоотой ажиллана.  

-Эрүүл мэндийн яамнаас ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ? 
-Монгол Улсын Шадар Сайдын 2017 оны наймдугаар тушаалын дагуу ЭМЯ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, МХЕГ, НЭМГ-ын хамтарсан эрсдэлийн үнэлгээний баг эрсдэлийг хоёр дахь удаагаа үнэлж, “Дунд” зэргийн эрсдэлтэй гэж дүгнэсэн. БНХАУ-д бүртгэгдэж буй шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа өвчнөөс сэргийлэх, бэлэн байдлыг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөг Эрүүл мэндийн Дэд сайдаар батлуулан аймаг, Нийслэлийн ЭМГ, төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төвүүдэд хүргэн хэрэгжүүлж ажиллаж байна. Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, эрүүл мэндийн байгууллагуудад сэрэмжлүүлэг, мэдээлэл, авах арга хэмжээний талаар албан тоот хүргүүлсэн. ДЭМБ-аас халдварын хяналт, сэргийлэлт, тохиолдлын тодорхойлолт, тандалт, эрсдэлийн харилцаа холбоо, лабораторийн талаар гарсан түр зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Амьсгалын замын халдварын тандалт идэвхжин ажиллаж байна. Шинэ төрлийн биш өмнө нь гарч байсан томуу үүсгэгч коронавирусын халдвар байгааг иргэд маань ялгаж ойлгоорой.

-БНХАУ, Хонг Конгоос онгоцоор ирсэн иргэд амьсгалын замын өвчлөлтэй, халуунтай ирсэн байсан?
-Нэгдүгээр сарын 10-наас эхлэн БНХАУ, Хонг Конгоос онгоцоор ирсэн халуурсан, ханиалгасан, амьсгалын замын халдварын сэжиг­тэй зургаан хүнийг ХӨСҮТ-д түр тусгаарласан. Онош тодруулах шинжилгээ хийж, шинэ коронавирусын халд­варыг үгүйсгэсэн. Гэхдээ өм­нө нь ахуйн хавьтлын замаар дамжих магадлалтай байсан бол агаар дуслын замаар халдварлах эрсдэлтэй гэдгийг ДЭМБ-аас анхааруулж байгаа. Удахгүй БНХАУ-ын цагаан сар, хоёрдугаар сарын 24-нд манай улсын сар шинийн баяр болно. Үүнээс гадна манай улсад төдийгүй бусад улсад томуу, томуу төст өвчний халдвар өндөр байгаа эрсдэл их байна. 

-Замын-Үүдээр нэвтэрч буй тээврийн хэрэгсэл, иргэдийг хэрхэн хянах вэ?
-Манай улс БНХАУ-тай олон хилийн боомтоор харьцдаг. Ялан­гуяа “Буянт-Ухаа”-ийн хилийн боом­тоор өдөрт 1000-1100 орчим хүн зорчиж байгаагаас хятад улсаас 300-400 хүн  зорчдог гэсэн мэдээ­­лэл  бий. “Буянт-Ухаа” нисэх онгоц­ны буудлаас гадна Замын-Үүдэд термокамер ажиллаж бай­на. Улмаар зорчигчдын эрүүл  мэн­дийн мэдээллийг  авч, халуур­сан болон амьсгалын замын өвч­ний шинж тэмдэгтэй хүмүү­сийг тусгаарлах арга хэмжээ авч байгаа. 

-Эмчилгээний ямар арга хэм­жээс авч ажиллаж байгаа вэ? 
-Энэ өвчин гараад удаагүй байгаа учраас эсрэг вакцин, гараагүй. Дэлхийн эрдэмтэн судлаачид  судалгаа хийж байгаа байх. Эм тарианы хувьд  шинж тэмдгийн  эмчилгээ хийж байгаа. Өөрөөр хэлбэл, тухайн хүнд клиникийн шинж тэмдэг илэрсэн бол түүнд нь тохирсон шинжилгээг хийж байна.

-Ийм төрлийн вирус өмнө нь дэгдэж байсан  уу?
-Зургаан төрлийн коронавирус байдаг. Бидний мэддэг энгийн томуу ч энэ вирусээр үүсдэг. Тэгэхээр энэ коронавирус долоодох удаагийн шинэ вирус гэж нэрлэж байгаа бөгөөд титэм гэдэг үгнээс гаралтай. Мөн нэлээн хүнд хэлбэрийн хоёр өвчнийг үүсгэж байсны нэг нь 2003 онд дэлхий нийтийг хамарсан  САРС өвчин юм. Энэ өвчнөөр 8000 гаруй хүн өвчилж, 800 орчим хүн нас барсан. Тухайн үед  манай улсад есөн удаагийн тохиолдол бүртгэгдэж,  эндэгдэлгүй, хөнгөн хүмүүсээ эрүүлжүүлж гаргасан орны тоонд ордог. Мөн 2014 онд БНСУ-д гарч байсан уушигны хатгаа буюу мерскорона вирусын халдвар бий. Энэ нь Африкын нэг бөхт тэмээнээс гаралтай бөгөөд тэмээний сүү уусан  хүмүүс өвдөж эхэлсэн. 

-Коронавирус  далайн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэдэг, хүнс­ний захын орчимд амьдардаг хүмүүсээс гарсан учраас амьтны гарал­тай гэж үзэж байгаа. Гэхдээ халд­варын хүрээ өргөжиж байгаа учраас хавьтлаас гадна агаар дус­лаар дамжих магадлал өндөр. Одоо­гоор бүх зүйл тодорхой бус байна. 
Иргэдэд ямар зөвлөгөө мэдээлэл хүргүүлж байгаа вэ?

-Онцын шаардлагагүй бол аль болох  өвчлөл гарсан бүс нутагт аялахгүй байх, амны хаалт хэрэглэх,  гараа тогтмол савандаж угаах, гар халдваргүйжүүлэгч хэрэглэх, түүхий болон  хагас боловсруулсан амьтны гаралтай бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх,  өндгийг сайтар  угааж, гүйцэд чанаж, боловсруулж хэрэглэх шаардлагатай. Мөн  халуурах, ханиалгах, цээжээр  давчдах зэрэг  амьсгалын замын халдварын  шинж тэмдэг илэрвэл яаралтай эрүүл  мэндийн байгууллагад хандахыг зөвлөж байна. Эрүүл мэндийн байгууллагаас гадна иргэд сонор сэрэмжтэй байвал энэ өвчнийг хохирол багатай туулах боломжтой.