БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлийг Элчин сайд болох нь гэж шуугиад байсан үнэн л байна. Хятадад суух Элчин сайд болох гэнэ, ОХУ-д суух Элчин сайдаар явах гэнэ гэж хэвлэлүүд хэсэгтээ бичиж, өөрөөс нь ч лавласан. Харин Орос, Хятад хоёр нь түүнийг голсон ч гэж шуугисан. Он солигдохын өмнөхөн Засгийн газрын хуралдаанаар Ц.Цэнгэлийг Элчин сайдаар томилох асуудал яригдаж байгаатай холбогдуулан Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Харин өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар түүнийг Болгар улсад суух Элчин сайдаар томилохоор шийдвэрлэсэн байна. Одоо Ерөнхийлөгч, УИХ хоёр “ок” гэчихвэл Ц.Цэнгэл Орост биш, Хятадад биш Болгар улсад Монголыг төлөөлөн суух нь. УИХ-д нэр дэвшээд нэмэргүй, сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга хийгээд үзчихсэн МАН-ын “элит” улстөрчдийн нэг ийнхүү чимээ аниргүйхэн улсад Элчингээр сууж “амар сайхандаа жаргах” нь ээ. Тамхины хууль бус наймаа, контрбандын хэрэг, дипломат ажилтнуудын ёс зүйгүй үйлдэлтэй хатуу тэмцэж, чанга байж чадахгүй л бол тэр зүгийн Элчин сайдуудын чих амар сууна гэж үгүй.
Ц.Цэнгэл 2000-2004 онд Дэд бүтцийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2006-2007 онд Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд, УИХ-ын гишүүн гэхчилэн төрийн өндөр албуудыг хашиж явсан “хашир бурхи” тиймэрхүү асуудалд орооцолдохгүйгээ мэдэх байх. Байгаль орчин, аялал жуулчлал, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа тушаал гарган гарын үсэг зурж нэр бүхий компанид 2.5 тэрбум төгрөгийн ажлыг тендергүйгээр олгосон гэх асуудалд нэр дурдагдаад өнгөрсөн удаатай. АСЕМ-ын үеэр л дээ. Уналаа гэхэд төрийн нарийн, дэвшлээ гэхэд сайдын суудалд очиж улстөрд хатаагдаж яваа түүний үеийн гандан бууршгүй хэд хэдэн улстөрч бий. Одоо ч зарим нь сайд, томоохон агентлагийн дарга, парламентын гишүүн.
Тэд хаа ч явсан албан тушаалтай, эрх мэдэлтэй хэвээрээ үлддэг. Ц.Цэнгэл шиг “шавар бурхан” МАН-д олон бий. Тэдний олонхи нь Монгол Улсын тод манлай уяач. Ц.Цэнгэл манлай багадаа моринд явдал оруулахдаа сурамгай байсан гэдэг. Адуунд нүдтэй шигээ албан тушаалд ч бас хоосонгүй гэж ёжлох нэгэн ч байдаг юм билээ. МАН-ын Удирдах зөвлөл 2016 онд Эрчим хүчний сайдаар томилохоор шийдсэн ч нэрийг нь эргүүлэн татаж байсан. Сайдаар томилж чадаагүй учраас тэс хөндлөн байгаль орчны салбарт Төрийн нарийн бичгийн даргаар томилсон. 2012-2016 онд АН засгийн эрх барьсан он жилүүдэд Ц.Цэнгэл намдаа үнэнчээ харуулж, намын даргынхаа зөвлөхийг хийж байсных нь шагнал тэр. Сүүлийн хэдхэн жилд хоёр ч яамны Төрийн нарийн бичгийн даргаар сэлгэн ажилласан, одоо Элчин сайд. Тэр үнэхээр “тэнгэрийн амьтан” ажээ.