ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ж.Сауле: Зургаан аймгийн 13 сум зудтай байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-01-27

ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Саулегаар ахлуулсан ажлын хэсэг өнгөрөгч долоо хоногт өвөлжилт хүндэрсэн аймгуудад ажиллаад иржээ. Түүнээс өвөлжилтийн нөхцөл байдлын талаар тодрууллаа. 

-Та өнгөрсөн долоо хоногт баруун аймгуудаар ажиллаад ирлээ. Өвөлжилтийн нөхцөл байдал ямар хэмжээнд байна вэ. Хэчнээн аймгийн хэдэн сум зудын нөхцөл байдалтай байна?

-ХХААХҮ-ийн яам, Онцгой байдлын ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг хөдөө орон нутагт ажиллаад ирлээ. Миний хувьд хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийг хангах ажлын хэсгийг ахалж байгаа. Өмнө нь хэд хэдэн аймаг, сумдаар орсон. Сая бол баруун аймгууд тэр дундаа өвөлжилт хүндэрсэн 20 гаруй сумдаар орлоо. Говь-Алтай аймгийн тухайд нөхцөл байдал хэвийн байна. Гэхдээ цасан шуурга шуурсан тохиолдолд Хөх морьтын даваа хаагдах хэмжээнд хүрсэн их цастай байна лээ. Өвөлжилтийн бэлтгэлээ сайн хангасан учраас зарим сумдууд аюулгүйн нөөцөө эвдээгүй явж байна. Харин Ховд аймгийн тухайд өвөлжилт жигдхэн, цаг агаар тогтуун байгаа. Харин Баян-Өлгий аймгийн долоон суманд ажиллахад Булган суманд зуншлага муу байсан учраас тааруухан өвөлжиж байна. Хамгийн өндөрлөг газар учраас байнга цастай байдаг. Нэмж цас орсон тохиолдолд улсын чанартай зам ч хаагдах эрсдэл бий. Аюулгүйн нөөцөө ашиглаж дуусаад, аймгаасаа мөн нөөц татсан нөхцөл байдалтай байлаа. Алтай сумын тухайд нэг талынх нь зам битүү хаагдсан учраас доогуураа тойрч, Баян-Өлгий аймаг руу ирж байгаа замаар тойрч орох нөхцөл байдал бий болсон. Ер нь тухайн аймгийн зарим сумд нь харын зудтай, зарим нь цагаан зудтай. Хүйтрээд ирвэл хүндрэх төлөв ч ажиглагдлаа. Дараагийн нэг асуудал нь Цэнгэл сумын Баянгийн боомт. Их цастай учраас өвөлжилт байнга хүндэрдэг. Одоогоор ямар ч байсан сумдууд өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангаж чадсан учраас сумынхаа аюулгүйн нөөцийг ашиглаад явж байна. 

-Увс аймгийн хэд, хэдэн суманд нөхцөл байдал хүндэрсэн дуулдаж байгаа. Цасны зузаан хэдэн см-т хүрсэн байна вэ? 

-Увс аймгийн Тэс, Зүүнговь, Малчин сум маш их хүндэрчээ. Цасны зузаан энгийн, хүн их явдаг газраа 25-30 см, цаашлаад нэг метр хүртэл гүн хунгарласан. Нөхцөл байдал амаргүй байна. Завхан, Увс аймгийн хэд хэдэн суманд эрт цас орсон учраас доогуураа мөстчихсөн. Завхан аймгийн Тэс, Баянтэс, Асгат гэсэн таван сум маш их хүндэрсэн байгаа. Иргэдийн ярьж байгаагаар бол 2009-2010 оны зудтай үед шөнөдөө 53 градусаас дээш хонож байсан. Энэ удаа бол хүйтний эрч арай бага буюу шөнөдөө 42-45 градус хүрч хүйтэрч байгаа. Иргэд нь арай гайгүй хүйтэн гэж яриад байгаа юм. Улсын чанартай замуудад байнга трактор зам гаргаж байгаа учраас нөхцөл байдал гайгүй, харин орон нутгийн замууд бүрэн хаагдсан. Зам гаргаж явсаар байгаад  л малчидтайгаа уулзаад ирлээ. 

-Малын хоргодол хэр байна вэ. Халдварт болон халдварт бус өвчин мөн өвөлдөө асуудал үүсгэдэг шүү дээ? 

-Мал маш их туйлдсан. Ялангуяа Завхан аймгийн малчдын тухайд мал сульдсан, цас хатуурсан учраас хөл гэмтэж, тарга тэвээргээ алдаж байна гэдгийг хэллээ. 2500 орчим мал хоригдсон. Увс аймаг 1200 гаруй мал хорогдсон гэдэг мэдээлэл өглөө. Эдгээр асуудлыг Шадар сайдад танилцууллаа. Тун удахгүй Улсын онцгой комиссын хуралдаанд танилцуулна. Малчдын тухайд өвс тэжээлийг хөнгөлөлттэй үнээр олгож өгөөч гэдэг хүсэлт тавьж байна. Өвөлжилт хүндэрсэн газруудад Засгийн газраас 50 сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Мөн таван төрлийн эм, био бэлдмэл олгосон. Гэтэл энэхүү бэлдмэл нь эзэндээ хүрээгүй байх жишээтэй. Завхан аймгийн Мал эмнэлгийн газар маш муу ажилласан учраас Улсын мал эмнэлгийн ерөнхий газарт асуудлыг тавьж, хариуцлагын асуудлыг хөндөнө. Төр дэмжээд, малчдад нэн чухал байгаа эм, био бэлдмэл гаргаад өгч байхад нэг нэгэндээ асуудлаа даатгаад, өнөөдрийг хүртэл малчдад хүргээгүй байна гэдэг маш хариуцлагагүй асуудал шүү дээ. Хамуу өвчин гарсныг нь тэрүүхэн хавьдаа эмчлэх гэж оролдсон асуудал байна билээ. Гоц халдварт өвчин биш ч гэсэн дорвитой анхаарал хандуулаагүй учраас хариуцлага яригдана. Зүүн аймгуудад Ерөнхий сайд, Төвийн бүсээр Шадар сайд, Баруун бүсээр миний бие ажиллаад ирлээ. 

-Улсын хэмжээнд нийтдээ 41 сум цагаан зудтай гэсэн тоон мэдээ гарлаа. Яам нийт аймгийнхаа тоог нэгтгэсэн үү. Хаваржилт хүндрэх нөхцөл байдал ажиглагдав уу? 

-Тоон мэдээ гаргалгүй яахав. Зургаан аймгийн 13 сум цасан зудтай байгаа. Цасны хэмжээ зудын хэмжээнд гэсэн үг. Харин 13 аймгийн 46 сум цагааны зудтай гэсэн тооцоо гаргалаа. Малчдын тухайд хаврын 3, 4 сар хүртэл цаг агаарын нөхцөл байдлын эсрэг сөрж зогсдог шүү дээ. Харын зудтай газарт өвс тэжээлийн дутагдал бий болдог гээд асуудал их бий. Тиймээс малчдад үргэлж анхааруулж, төр засаг ч бэлэн байдалд ажиллана. Мал төллөх үеэр хүндрэл гарч болзошгүй учраас бэлэн байдалд байгаа. Долоо хоног орчим хүйтэрч, цасаар шуурна гэдэг мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газраас өгсөн. Малчдын гар утсанд мэдээлэл шууд очдог болсон. 

-Малчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хэр хүрч байгаа бол. Отрын бүс нутгаар байгаа малчдад эмнэлгийн тусламж хангалтгүй очдог гэх асуудал яригддаг? 

-Энэ талаар очсон газар бүхэндээ анхааруулга, шаардлага тавьсан. Отроор явж байгаа малчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг байнга үзүүлэх ёстой гэдгийг хэллээ. Хэдэн жирэмсэн эх байна, хэчнээн настан байгаа, мөн нялх, нярай хүүхэд байгаа юу гэдэг нэгдсэн тоон мэдээлэл авч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх талаас анхаарч ажилласан. Нэгдсэн тоон мэдээ гарчихсан. Мөн өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад ч орон нутгийн эмч, эмнэлгийн ажилтнууд хүрч ажиллах, үргэлж мэдээлэл солилцох ёстойг мөн хэлсэн. Тэд ч малчин нэг бүрт хүрч ажиллаж, тоон мэдээг гаргасан гэдэг мэдээлэл өглөө. Тухайлбал, төрөх дөхсөн малчин эмэгтэйчүүдийг сумын төв рүү авчрах, эсвэл шаардлагатай тохиолдолд аймгийн төв төрүүлэх гэх мэтээр хүн бүхэнд хүрч ажиллаж байгаа. Хүүхдүүдийн дунд ханиад томуу ч их байгаа учраас зарим аймгууд долоо хоногоор хичээл хойшлуулах зэргээр арга хэмжээ авч ажилласан байна.