ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шинэ дэд

А.ОДСҮРЭН
2020-01-28

Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан Б.Мөнхжинг Гадаад харилцааны яамны дэд сайдаар томилохоор болжээ. Түүнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх санал болгосон талаар МАН-ын өчигдөр болсон Удирдах зөвлөлийн хурлаар танилцуулсан байна.

Түүнийг Д.Цогтбаатар сайдтай нэг баг болж, гадаад харилцааны салбарынхны ёсзүй, мэргэжлийн ур чадварыг сайжруулах, сахилга батыг дээшлүүлэх даалгавар өгч, дэд сайдаар томилж байгаа ажээ. Б.Мөнхжин нь Гадаад харилцааны яаманд 10 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд Лондон дахь Элчин сайдын яаманд гуравдугаар нарийн бичгийн даргаар сууж байсан аж. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Ерөнхий сайдын гадаад айлчлалуудад зөвлөхөөр ажилласан туршлагатай залуу дипломатч гэж улстөрийн хүрээнийхэнд үнэлэгддэг юм байна.

Б.Мөнхжин гэж хэн болохыг багахан судалж үзвэл, дэлхийн шилдэг их, дээд сургуулиудын жагсаалтад дээгүүр бичигддэг Оксфорт, Кембрижийн их сургуулийг төгссөн цөөхөн монгол залуусын нэг бөгөөд Монгол дахь Оксфорд, Кембриж төгсөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч залуу юм.

Тэрбээр олон нийтэд төдийлөн танигдаагүй, хэвлэлд тэр бүр ярилцлага өгөөд байдаггүй ч ордныхон түүнийг чамбай, гадаад харилцааны салбартаа хэнийг ч дагуулахааргүй мэргэжилтэн хэмээн үнэлдэг юм билээ. Б.Мөнхжин хэвлэлийнхэнд тэр бүр ярилцлага өгөөд байдаггүй бөгөөд өнгөрөгч намар нэгэн хэвлэлд “Гадаад бодлогын чиглэлээр улстөрчдийг хооронд нь өрсөлдүүлэх, шүүмжлэх өнцгөөс харах нь аюултай. Бид улстөрөө дотооддоо яаж ч хийж болно. Харин гадаад бодлогынхоо чиглэлд нэгдсэн байр суурьтай байх хэрэгтэй.

Дотоодын улстөр савнаасаа халиад гадаад бодлогоо хөгцрүүлэх нь маш их хор уршигтай. Сүүлийн үед дотоод улстөрийн ашиг хонжоо авах гэсэн оролдлого, өвөр зуурын өрсөлдөөндөө гадаад талыг татан оруулж ирэх, тэдний нэр хүндэд халдах хандлага ажиглагдаж байна. Ингэснийхээ горыг маш их үнээр төлсөн улс орон олон бий” хэмээн ярьсан байна. Ахмад дипломатчид, гадаад харилцааны салбарын хэн нэг хариуцлагатай албан тушаалтны амнаас гарч байгаагүй дүгнэлтийг тэр хэлжээ.

Тийм ээ, гадаад бодлогынхоо чиглэлд л Монгол Улс дотроо нэгдсэн байр суурьтай байх хэрэгтэй. Улстөр, улстөрч хоёртой хутгаж болохгүй сэдэв бол гадаад харилцаа, гадаад бодлого. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргын гадаад айлчлалуудын талаар хэн ч шүүмжлэх эрхтэй ч улс орны эрх ашиг гэж нэг юм бий гэдгийг энэ залуу хэлжээ. Залуухан мөртлөө туршлагажсан энэ мэт дипломатчаа дэмжиж яагаад болохгүй гэж.

Тэр МУИС-ийн Гадаад хэл, соёлын сургуульд Их Британи, Америк судлалын тэнхимд Британи судлалын чиглэлээр суралцаж байхдаа л Оксфордод сурна гэж мөрөөдөж байсан зорилгоо биелүүлж 2015 онд Оксфордын их сургуулийг дипломат үйл ажиллагааны чиглэлээр төгссөн гэнэ билээ. Дашрамд сонирхуулахад, Оксфордын их сургуульд Монголоос 30 гаруй залуус суралцаж төгссөн ажээ.