ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Ятгах тусам нягтал, маяглах тусам чичир”

А.ОДСҮРЭН
2020-01-28

Цагдаа, банкны хамтарсан “Ятгах тусам нягтал” уриалгыг энгийн иргэд амьдралд хэрэгжүүлж эхэллээ. Их зөв санаа. Уриалгыг ягштал биелүүлбэл яг хөгжих гээд байна аа. Барьсан ч алзахгүй. Сонгууль ойртож байна. Нэр дэвшигчид “намайг сонгоорой, дэмжээрэй” гэх тусам нь нягтлах хэрэгтэй. Хөрөнгө орлогын мэдүүлгээ зөв бөглөсөн эсэх, гэр бүлийн гишүүд нь хэн хаана ямар ажил эрхэлдэг, ямар бизнестэй, хаанаас хувь эзэмшдэг гээд бүгдийг нь судалж нягтлах юм хуна. Цаашлаад аав ээж ах дүү төрөл садан, тэднийх нь найз, найзынх нь найз, нутаг ус, гарал үүсэл, өмнө нь хаана юу хийж, ямар юм хийж байсан, үр хүүхдүүд нь архи, тамхи хэрэглэдэг эсэх, гэр байшингийн алинд нь амьдардаг, ямар жорлонд бие засдаг болохыг нь ч нягтлахад гэмгүй. 

Залуус гол төлөв цахимаар лайв хийж бараа бүтээгдэхүүнээ сурталчилж, онлайнаар худалдаа хийдэг болсон. Ав гэж ятгаад байвал бас л нягтлах хэрэгтэй. Хаана үйлдвэрлэсэн, ямар материалаар хийсэн, хэн хийсэн. Хэдэн хүн дээр туршсан, ямар үр дүнтэй байсныг нь лавлах хэрэгтэй. Хувцас байлаа гэхэд хэн оёсон, хаана хийсэн, өөрөө өмсч хэрэглэдэг эсэх, хэдэн жилийн эдэлгээ даах, ямар утсаар оёсон, яагаад заавал би өмсөх ёстой гэж гэдгийг мэдэж авбал зүгээр. Эрчүүдийн бэлгийн сулрал, түрүү булчирхайг үтэр түргэн эмчлэх эмийг онлайнаар зарж байгаа залуутай учир ургуул. Өөрөө “ямрыг” нь мэдэж авъя гэж хэл. Маяглаад байвал улам чичир. Туршиж үзье гэж ятга. 

Коронавирус гэж аймшиг дэлхий нийтийг айлгаж эхэллээ. Хувь хүн, зарим мэдээллийн хэрэгслүүд санаатай санамсаргүйгээр нэгнээ айдас хүйдэст автуулж байна. Худал мэдээлэл тарааж байгаа хүнээс өөрөөс нь сайн асуу. Яг хэдэн настай, хэн гэдэг хүн энэ вирусаар өвдөөд үхчихэв, хэний хүүхэд хэнд нь энэ өвчний шинж тэмдэг илэрчихэв, яг юу ууж идээд эдгэчихэв гээд нягтал. Эргэлзэх хэрэггүй болно. Их, дээд сургууль, МСҮТ, ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийг түр хугацаагаар хаачихлаа. Олон нийтийн арга хэмжээнүүдийг хориглолоо. Харин баар цэнгээний газар, худалдааны төвүүд яах ёстойг сайн нягтал. Төрийн ордон худалдааны төв болсныг нягтал. Далимдуулаад сайд, дарга нар цагаан сард яаж бэлддэг, ямар зүйл авч байгааг нь судал. Магадгүй өнөөдөр ч худалдаа үргэлжилж мэднэ. Яаж ийгээд тийшээ орохыг бод. Зарим хүн үнэмшихгүй байна билээ. Ороод үз. Өнөөдөр ч үргэлжилнэ байх. Бүр сайн нягталъя гэвэл вирус тараасан муу нэрийг зүүгээд байгаа сарьсан багваахай, мэлхий хоёрын аль алинаас нь асуусан ч болно.