ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Очирсүрэн: Ашиглахгүй тээврийн хэрэгслээ бүртгэлээс хасуулахгүй бол татварын өр болж үлддэг

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-01-28

2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн автомашины татвараа иргэд төлж эхэлсэн. Энэ талаар Нийслэлийн татварын газрын Нийслэлийн төсвийн татварын орлогын тасгийн дарга Д.Очирсүрэнгээс тодрууллаа. 

-Нэгдүгээр сарын 1-ний өдрөөс автомашины тат­вараа төлөх хугацаа эхэлсэн. Өнөөдрийн байдлаар хэч­нээн хүн албан татвараа төлсөн  байна вэ?

-2020 онд нийслэлийн  хэмжээнд автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараас 30 тэрбум,  автозам ашигласны төлбөрөөс 13.9 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр бүтэн жилийн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд 500 гаруй мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас нэг болон зургаа­гаар төгссөн 80 орчим мянган тээврийн хэрэгсэл бий. Он  гарснаас хойш өнөөдрийн байд­лаар 23 мянга орчим тээврийн хэрэгсэл албан татвараа төлсөн.

-Тээврийн хэрэгслийн татвараа цахимаар төлөх  боломжтой болсон. Энэ жил дахин шинэчлэгдсэн мэдээлэл байгаа юу? 

-Энэ жил манай ерөнхий  газраас цахим татварын жил болгон зарлаж “Цахимаар төлж цагаа хэмнье” уриан дор  өнгөрүүлэх юм.  Тээврийн  хэрэгслийн албан татвар төлөхдөө заавал татварын албанд  ирэхгүйгээр төлөх  боломжуудыг ТЕГ-аас  нэмж өгсөн. Тухайлбал, НӨАТ-ын И Баримтын аппликейшнд нэв­тэрч албан татвараа тө­лөх боломжтойгоос гадна  ма­най байгууллагын веб­сайтад нэвтэрч тээврийн  хэрэгс­лийн­хээ дугаарыг хийнэ. Төлөх ёс­той төлбөрийн дүн гарч ирнэ. Улмаар бүх арилжааны банкаар дамжуулаад төлөх бо­ломж­той.  Өмнө нь  ТЕГ-аас тат­варын гэрчилгээг олгож бай­сан бол цахим болгосон. Гэр­чил­гээ­гээ авахын тулд тат­варын албанд очиж тамга да­руу­лах, төлсөн татвараа тэм­дэг­лүүл­дэг байсан бол  энэ жилээс ашиглахаа болисон. Тухайлбал, И Баримтын  аппликейшн ашиг­лаад  татвараа төлсөн тохиол­долд бүртгэлтэй и мэйл хаягаар цахим гэрчилгээ нь иргэдэд хүр­нэ гэсэн үг. Түүнийгээ хэвлэж аваад тээврийн хэрэгслийн гэрчилгээтэйгээ хавсаргаад  явах юм.  Мөн Smartcar.mn,  i-tax.mn, mta.mn  сайтуудад нэвтэрч татвараа төлсөн тохиолдолд машины дугаараа хийгээд  цахим гэрчилгээгээ хэвлэж авах боломжтой болсон. Татварын  албанд очихгүйгээр  цаг хугацаанаас үл хамааран хэзээ л бол хэзээ төлж болно. 

-Өнгөрсөн жил цахимаар татвараа төлсөн хэр их хүн байсан бэ. Энэ жил иргэдийн цахимаар татвараа төлөх хандлага нэмэгдсэн үү? 

-Өнгөрсөн жил нийт татвар төлсөн  автомашины 28 орчим хувь  нь цахимаар төлсөн. Энэ жил бид 50 хувьд  хүргэхээр  зорьж байна. Цахимаар төлөхдөө татвар төлөгчид  машины дугаараа андуураад төлчихдөг тохиолдол гарсан. Тухайлбал, УАА гэж байсныг УАБ, 6818 хэмээн бичих гэж байгаад 1868 гэх мэтчилэн андуурч төлөх тохиодол их бий. Олон төрлийн боломжуудыг ашиглаж төлөх үед зарим хүмүүс анзааргагүй ханддаг. Манай газраас анхааруулж байгаа ч гэсэн андуурсаар байна. 

-Орон нутгийн харьяалал харгалзахгүй, хаана ч хамаагүй төлнө гэж ойлгож болох уу. Хөдөө орон нутгийн иргэд Улаанбаатар хотоос машины авчихаад, нийслэлийн дугаартай зорчдог шүү дээ? 

-Харьяалал харгалзахгүйгээр хаана ч төлж болно. Баян-Өлгий аймгийн иргэн Улаанбаатар хотод, Улаанбаатарын иргэн Увс аймагт ч төлж болно. Өөрөөр хэлбэл, татварын удирдлагын нэгдсэн системд нэвтэрсэн учраас дурын банканд очоод автомашины дугаараа хэлэхэд төдөх ёстой дүн нь гарч ирнэ. 

-Жолооч нар хэдэн төрлийн татвар төлдөг вэ?

-Нэг тээврийн хэрэгслээс автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн, агаарын бохирдлын, зам ашигласны төлбөр гэсэн гурван төрлийн татвар төлдөг. Ингэхдээ хувь хүн зургадугаар сарын 1-ний дотор, аж ахуйн нэгж байгууллага улирал бүрийн сүүлийн 25-ны дотор дөрөв хувааж төлөх хуулийн зохи­цуу­лалт­тай. НИТХ-ын Тэр­гүү­лэгчдийн 2015 оны шийдвэрээр тээврийн хэрэгслийн арын тоогоор нь сар бүр хуваарилаж төлж байгаа юм. Гэхдээ манай иргэд таваар төгссөн бол заавал тавдугаар сард гэж хүлээхгүйгээр зургадугаар сарын 1-ний өдрөөс өмнө төлж болно.  НИТХ-ын тогтоолын дагуу 2014 анх нийслэлд авто зам ашигласны төлбөрийг хурааж эхэлсэн. Үүнээс хойш хэвийн үргэлжилж байгаа. 

-Иргэдэд анхааруулж хэлэх мэдээлэл бий юу?

-Иргэд тээврийн хэрэгслээ ашиглах боломжгүй болсон бол заавал  хасуулах шаардлагатай. Иргэд машинаа ашиглахаа больчихсон гэсэн шиг хөдөө өгч явуулдаг, хашаандаа орхичихдог. Гэтэл татвараа төлөхгүй явснаар өр үүсдэг гэдгийг ойлгох хэрэгтэй. 

-Өр үүсгэхгүйн тулд яах ёстой вэ? 

-Заавал улсын бүртгэлээс машинаа хасуулах хэрэгтэй. Тээврийн хэрэгслийг бүртгэдэг байгууллага нь Автотээврийн Үндэсний төв учраас тус байгууллагад  хандаж хасуулна гэсэн үг. Бүртгэлээс хасуулахын тулд татварын өргүй байх шаардлагатай. Хэрвээ та өнөөдөр 2019 оны татвараа төлчихсөн байж байгаад 2020 он гарсан ч ашиглах боломжгүй болчихвол татварын албанд улсын бүртгэлээс хасуулах тухай тодорхойлолтоо Авто­тээврийн үндэсний төвд  авч очно гэсэн үг. 

-Тээврийн хэрэгслийн тат­вараа он дамжин төлөөгүй бол  ямар арга хэмжээ авдаг вэ?

-Зөрчлийн тухай хуулиар автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн  албан татвараа төлөөгүй бол төлөх ёстой дүнг төлүүлээд, татварын 10 хувиар торгодог. Мөн агаарын бохирдлын төлбөрийг 20 нэгж, аж ахуйн нэгжийг 200 нэгжээр торгох заалттай.