ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

С.Дорждэрэм: Архины хамааралтай иргэдийг “Буянт-Ухаа” хороололд оруулах асуудлыг хүлээж аваагүй

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-01-29

“Буянт-Ухаа-2” хороололд архины хамааралтай,  тогтсон гэр оронгүй зарим иргэдийг байрлуулах тухай мэдээлэл цахим орчинд гарч буй. Тэгвэл энэ талаар Нийслэлийн орон сууцны корпорацийн дэд захирал С.Дорждэрэмээс тодрууллаа. 

-“Буянт-Ухаа-2” хороололд архины хамааралтай, гэр оронгүй иргэдийг байрлуулна гэх асуудал оршин суугчдыг  бухимдуулах боллоо. Үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөөч?
-“Заюу тайж” хэмээх ТББ-ын  тэргүүн Ц.Тамара гэх хөгшин манай Нийслэлийн орон сууцны корпорацид хүсэлт гаргасан. Биеэрээ ч ирж уулзсан. Түүний хувьд архины хамааралтай иргэдийг архинаас гаргахад тусалдаг, нийгэмд хүмүүнлэгийн ажил хийдэг хүн юм билээ. Улмаар “Буянт-Ухаа-2” хорооллын байр, зоорийн давхрын талбайг  ашиглаж тэдгээр хүмүүст сургалт явуулах хүсэлт гаргасан юм. Манай зоорийн давхар ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломжгүй. Яагаад гэвэл,  бие засах өрөө, ариун цэврийн өрөөгүй. Зориулалт нь ч  тийм биш шүү дээ.

-Ц.Тамара гуайд ямар хариу өгсөн бэ?
-Нийслэлийн орон сууцны корпорацийн зүгээс Ц.Тамара гуайд  боломжгүй гэдгээ хэлсэн.  Иргэдийн амьдрах нөхцөл, ялангуяа хүүхэд багачуудын тав тухтай, аюулгүй орчинд олон хүнийг байршуулж, сургах нь боломжгүй зүйл. Олон архины хамааралтай хүн битгий хэл тийм ганц, хоёр хүн байсан ч тухайн орчинд  сөрөг нөлөөтэй, хүмүүжлийн болон  бусад доголдол үүсэх учраас тэдгээр хүмүүсийг оруулах боломжгүй. 

-Оршин суугчдаас танайд хандсан уу?
-Үүний дараа, хүсэлтээ аваад бусад эрх мэдэл бүхий хүмүүстэй уулзаад явж байгаа гэсэн мэдээлэл авсан. “Буянт-Ухаа-2” хороололд амьдарч буй зарим айл,  өрхүүд нэгдээд “дээрх хүмүүсийг оруулмааргүй байна” гэдэг хүсэлтээ манай байгууллагад ирүүлсэн. Бидний хувьд аль болох иргэдийнхээ эрх ашгийн төлөө гэсэн байр суурьтай хандана.  Хэзээд оруулахгүй гэдэгтээ баттай байна. Тиймээс иргэдийг төөрөгдүүлсэн, эргэлзүүлсэн зүйл байхгүй гэдгийг оршин суугчид болон бусад иргэддээ хэлмээр байна. 

-Ц.Тамара гуайд боломжгүй гэдгээ  бичгээр  уламжилсан уу?
-Уулзаж хэлэхээс гадна, бичгээр боломжгүй гэдгээ илэрхийлсэн.

-Ер нь  амьдралын нөхцөл боломж тааруу, орон сууц худалдаж авах боломжгүй зорилтот бүлгийн иргэдийг танайхаас орон сууцаар хангах боломж бий юу?
-Манай түрээсийн орон сууцнууд  халамж хэлбэрээр биш, орлогод нийцсэн гэдгээр оруулж байгаа юм. Орлогод нийцсэн гэдэг нь заавал хямд байна гэсэн үг биш шүү дээ. Өнөөдрийн нөхцлийг харахад нийслэлийн хэмжээнд орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэд  маш их байна. Гол нь хувийн ч бай, төрийн ч бай аливаа байгууллагын орон сууцанд тавих шаардлага  нь 30  хувийн  урьдчилгаа байршуулах асуудалд байгаа юм. Олон хүнд ийм л гол асуудал үүсдэг. Тиймээс манайхаас урьдчилгаагаа бөөнд  нь өгч чадахгүй иргэдэд боломжийг нь нээж өгч байгаа гэдгийг  ойлгох нь зүйтэй. 

-“Буянт-Ухаа” хороолол шиг  үнийн нөхцөл боломжийн  орон сууцны барилгыг энэ жил  хаана барихаар төлөвлөсөн  бэ? 
-Газар чөлөөлөлтийн  байршил  зарласан. Одоогоор  хоёр байршилд газрын үнэлгээ хийж байна.   Иргэд  саналаараа нэгдээд ирсэн учраас тэдэнтэй нэг бүрчлэн тохирч газраа чөлөөлөн, барилгаа эхлүүлэх  боломжууд бий.  Мөн энэ жил “Ханын материал” дэд, төв, “Яармагийн дэнж”, “Цайз эко хотхон, Баянхошуунд төлөвлөсөн. Эдгээрийн эхний ээлж нь барилгын ажлаа эхэлчихсэн байгаа бол   зарим нь дулааны улиралд эхлүүлхээр төлөвлөж байна. Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд оруулах журмыг 2019 оны долдугаар сард баталсан байдаг. Журмын дагуу цаашид  төсөл  хөтөлбөрт хамрагдах айл өрхүүдээ сонгоно. Ингэснээр иргэдэд илүү  ойрхон, шударга гэж үзэж байгаа. 

-2019 оны түрээсийн орон сууцны шалгаруулалтад тэнцсэн айлууд бүгд байрандаа орсон уу? 
-“Буян-Ухаа-2” түрээсийн орон сууцанд айлууд орж дууссан. Цөөн  тооны айл өвлийн улиралд  нүүхэд хэцүү  байгаа учраас дулаарахад нүүж ирнэ гэдгээ мэдэгдсэн.  Одоогоор газар чөлөөлөлтийн ажлыг хийж  байна.