Чингис бонд, Үнэ тогтворжуулах хөтөлбөртэй холбоотой авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан Монголбанкны ерөнхийлөгчөөр 2012-2016 онуудад ажилласан Н.Золжаргалыг АТГ, ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар хамтран шалгаад хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Н.Золжаргалыг шүүх хурал 28-нд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гурван өдөр үргэлжилж, хэргийг прокурорт буцаав.
Түүнд холбогдох хэргийг маш нууцын зэрэглэлд хамруулсан бөгөөд шүүх хурал ч хаалттай болсон байна. Н.Золжаргалыг 3.7 их наяд төгрөгийг орон сууцны хөтөлбөрт, 1.9 их наяд төгрөгийг Үнэ тогтворжуулах хөтөлбөрт дур мэдэн зарцуулсан талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан мэдэгдэж байсан. Гадаад томилолтуудын зардлыг хэтрүүлсэн, сонгуулийн өмнө бэлэн мөнгө их хэмжээгээр хэвлүүлэн хувьцааны мөнгөнд өгсөн зэргээр буруутгагдаж буйг хэвлэлүүд мэдээлж байв. Түүнчлэн маш нууц тушаал гаргаж, арилжааны банкуудад их хэмжээний мөнгө шилжүүлсэн ч гэдэг.
Н.Золжаргал гэж хэн бэ. Монголбанкны ерөнхийлөгч болохоосоо өмнө тус банкны дэд ерөнхийлөгчөөр хоёрхон жил ажилласан. Л.Пүрэвдорж ерөнхийлөгчийн хоёр дэдийн нэг нь байсан гэсэн үг. Л.Пүрэвдорж нь ажлаа хийж чадахгүй нь ээ гээд ажлаа өгөхөд тэр ерөнхийлөгч болон дэвшсэн.
Тухайн үеийн УИХ-ын дарга түүнийг нэр дэвшүүлж чуулганаар оруулан томилуулсан байдаг. Тэр өдрийн чуулганы хуралдаанд 55 гишүүн оролцсоноос 44 нь түүнийг дэмжиж байв. Маш өндөр хувиар Монголбанкны ерөнхийлөгч болсон гэсэн үг. Банкуудад тогтоосноос бага хүүтэйгээр зээл өгсөн, төрсөн ах болон түүний хүү, охиных нь нэрээр 2013-2016 онд Австри улс руу мөнгө шилжүүлж, гуйвуулсан 650 мянган ам.долларыг нь эхнэр нь хүлээн авч, байр худалдан авсан ч гэдэг.
Тэрбээр энэ тухайд “Намайг Монголбанкны ерөнхийлөгчийн ажлаа өгснөөс хойш шалгаж байгаа. Сүүлийн гурван жилийн хугацаанд бараг 100 гаруй удаа мэдүүлэг, тайлбар авсан. Миний гэр бүл 2015 онд Австри улсад байр худалдан авсан нь үнэн. Гэхдээ тэрхүү байрыг худалдан авах мөнгийг би 2012 оноос өмнө, өөрөөр хэлбэл дарга болохоосоо өмнө бий болгочихсон байсан. Байртай холбоотой асуудлыг хууль хяналтынхан шалгах нь зөв. Үнэн мөнийг нь шалгаад тогтоох байх” хэмээн ярьсан юм.
Н.Золжаргал Унгарын Будапешт хотын Эдийн засгийн их сургуулийг эдийн засгийн ухааны магистраар, АНУ-ын Харвардын их сургуулийг нийгмийн удирдлагын магистраар төгссөн бөгөөд 1989 онд тухайн үеийн Улсын банкны ерөнхий хороонд гадаад тооцооны газар нягтлан бодогчоор ажиллаж, банкир болох замаа тавьсан байдаг. Хөрөнгийн бирж, Дэлхийн банк, KPMG компанийн Бизнес менежментийн зөвлөхөөр ажиллаж байсан чамгүй мэргэжилтэн. “Эрдэнэт”-ийн 49 хувийн хууль бус худалдан авалтад ч түүний нэр хавчуулагддаг. Маш нууцын зэрэглэлтэй хэргийн эзэн “нууц ноёнтон”-ы хэрэг хэрхэн шийдэгдэхийг харж л байя.