Хамтран амьдардаг бүсгүйгээ 13 давхраас түлхсэн гэх хэрэгт сэжиглэгдэн багагүй хугацаанд шалгуусан О.Боргил гэгч этгээдэд холбогдох шүүх хурлын тов гарчээ. Тодруулбал, шүүгчдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүх хуралдааныг энэ сарын 13-ны өдрийн 10.00 цагт хийхээр товлосон аж.
Сэжигтэн О.Боргилд тус дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 /Эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн/, 11.6 дугаар зүйлийн 2 /Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн/, 11.7.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсгийн 1.1 /зодсон /-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн билээ.
Хэргийг эргэн сануулбал, 2018 оны дөрөвдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Мандала” хотхоны 13 давхраас 22 настай Ц унаж, учир битүүлгээр амиа алдса хэрэг гарсан. Талийгаачтай хамт түүний найз залуу гэх О.Боргил хамт байсан бөгөөд мэдүүлэг өгөхдөө “Надтай муудалцаад би нөгөө өрөөнд байхад цонхоор үсэрчихсэн байсан” гэх мэдүүлэг өгч байлаа. Гэвч талийгаачийн аав ээж болон найзынх нь хэлж буйгаар О.Боргил гэгч нь удаа дараа хамтран амьдрагчаа зодож, дарамталдаг байсан тухай мэдээлэл гарч байгаа билээ.