Чулуунбаатарын гэхээсээ үүсгэн байгуулсан компанийнхаа нэрээр овоглодог гэрэл зурагчин “буйдан” Ганбаа “Уурга шүүрлээ” гэрэл зургаараа Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооноос зарласан Дэлхийн гэрэл зургийн уралдаанд гуравдугаар байрт оржээ. Түүний бүтээл “Алтан агшин” төрөлд оролцож 125 орны гэрэл зурагчид өрсөлдсөнөөс шилдэг 1794 гэрэл зургаас ийнхүү шалгарсан байна. Гэрэл зургийн олимпоос хүрэл медаль шүүрлээ гэсэн үг. Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн 24 гишүүн, “World AIPS” спортын “Media awards”-ийн шүүгчдийн бүрэлдэхүүний 11 гишүүн, нийт 35 хүний шүүлтээр орж, дэлхийн тавцанд үнэлэгдэнэ гэдэг бахархам. “Буйдан” Ганбаа Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоны удирдах зөвлөлийн гишүүн, Монголын тавилга үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн, “Монгол буйдан” компанийн захирал гэхчлэн маш олон сонгуульт ажилтай.
Тэр олимп, тив дэлхийн наадмыг гэрэл зурагчны хувиар албан ёсны эрхтэйгээр сурвалжилсан анхны зурагчныхаа хувиар Хонконгийн, Токиогийн, Тяньжин, Жакарта-Палембангийн зүүн Азийн наадмууд, Парис, Будапештийн Жүдо бөхийн ДАШТ, Лондонгийн зуны олимп, Сочи, Пёнчаны өвлийн наадам, Инчон, Гуанжоу, Рио, Ашхабадын Азийн зуны спортын наадмуудыг сурвалжлан гэрэл зургийн хальснаа буулгасан. Харин Ерөнхийлөгч Х.Баттулгын гэрэл зурагчны хувиар Владивостокийн Дорнын эдийн засгийн чуулгануудыг, АСЕМ, Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулганыг болон албан ёсных нь айлчлалуудын түүхэн гэрч болж яваа. Харин гэрэл зурагчныхаа хувиар “Пресс Фото-2012” уралдааны гран при, Ц.Батзоригийн нэрэмжит оны гэрэл зургийн спортын номинацид 2006 онд тэргүүн байр, 2007 онд Монголын гэрэл зурагчдын “Оны шилдэг гэрэл зураг”-ийн тэргүүн байруудыг эзэлж, “Монгол бөх Гиннест”, ”Усны тунгалаг уулсын өндрөөс улсын цолтон төрөн гарлаа” зэрэг гэрэл зургийн цомог хэвлүүлсэн бол “Улаанбаатар-370”, Тайваньд “Тал хээрээс тундр хүртэл”, “Үл мартагдах агшин Лондон-2012”, “Сочи-2014 өвлийн олимпийн наадам”, “Инчоны Азийн наадмын 10 агшин”, “Монголын үндэсний бөхийн холбоо-25”, “Монгол бөхийн торгон агшин” зэрэг үзэсгэлэнгүүдийг дэлгэн үзүүлжээ.
Ер түүний амжилт, бүтээлүүдийг, хийж явааг нь дурдахад нэлээд юм “шүүрдэх” хэрэг гарна. Энэ их ажлыг тэр жижигхэн бие яаж амжуулдаг юм бол гэмээр. “Буйдан” Ганбаагийн маань жинхэнэ нэр нь Чулуунбаатарын Ганбат л даа.