ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

30 жил тэсчихвэл аз жаргалтай амьдарна

А.ОДСҮРЭН
2020-02-05

НҮБ-ын “Тогтвортой хөгжил-Шийдлийн сүлжээ” байгууллагаас жил бүр дэлхийн аз жаргалын тайланг гаргадаг. “Аз жаргалын индекс”-ийг жил бүр 156 улсын иргэдээс санал асуулга авч, 0-10 хүртэлх оноогоор дүгнэн гаргадаг. Хүмүүс амьдралдаа хэр сэтгэл хангалуун амьдарч байна, улс орнууд өөрийн иргэддээ урт удаан, аз жаргалтай амьдрах боломжийг хэр зэрэг биелүүлж байгаагаар нь жагсаадаг гэсэн үг. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн, амьдралын сонголт хийх эрх чөлөө, нийгмийн халамж, үйлчилгээ, эрүүл төрөлт, наслалт, өгөөмөр байдал, авлигын төвшингөөрөө Монгол Улс аз жаргалын индексээрээ жил ирэх тусам дээшилсээр байна гэнэ. Өнгөрөгч онд 10 онооноос 5.283 оноо авсан үзүүлэлт гарсан юм байх. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс 2050 он гэхэд аз жаргалын индексээр эхний аравт орно” гэж мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, монголчууд 30 жилийн дараа л аз жаргалтай амьдарч эхлэх юм байна. Тэрнээс өмнө сайхан амьдарна гэж бодолтгүй юм байна. Хөмөрсөн тогоон дотроо хөлөө жийлцээд л байж байя гэсэн үг. 30 жилийн дараа би ч, тэр ч амьд байгаа ч уу, үгүй ч үү. Одоогийн 20-30 настнууд зөнөчихгүй л бол сайн гэгч нь “save”-лээд авчих хэрэгтэй. Дараа нь хэл ам хийхэд хэрэгтэй гэсэн үүднээс зөвлөж байгаа юм. 

Монгол Улс 2050 он гэхэд нийгмийн болон эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэгч орон болохын тулд есөн зорилго дэвшүүлсэн гэж байна. Хүний хөгжлийн индексээ 0.9-д хүргэж, дундаж давхаргыг нийт хүн амын 80 хувьд хүргэж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 3.6 дахин өсч, 15 мянган ам.долларт хүрч, дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын босгыг давна гэж хэлсэн шүү. Тогтвортой засаглал тогтож, хүний эрхийг бүрэн хангасан, шударга ёсны тогтолцоо төлөвшсөн, авлигагүй улс болно, Улаанбаатарыг хүн амьдрахад таатай, байгаль орчинд ээлтэй, хүн төвтэй хот болгоно гэж амласан шүү. Яг одоохондоо Монгол Улс хүний хөгжлийн индексээрээ 177 орноос 92-т, эдийн засгийн өрсөлдөх чадварын индексээр 140 орноос 99-д, бизнесийн орчны индексээр 190 орноос 74-т, авлигын индексээр 93-т эрэмбэлэгдэж байгаа. Арав арван жилээр урагшилсаар 2050 он гэхэд энэ бүх үзүүлэлтээрээ эхний аравт орчихсон байна гэж байна шүү. Маш сайн тогтоогоод аваарай. Сонингийн маань энэ буланг нь хайчлаад бурхны жаазныхаа ард хадгалчих. Үр хүүхэддээ гэрээс болгон үлдээчих. Юмыг яаж мэдэх вэ. Бид молигодуулсаар байгаад хаширчихсан улс. Молиго нь дөрөв дөрвөн жилийн давтамжтай. Одоо ээлжит молигодолт эхэлсэн. Сонгууль гэж гайтай юмны балаг. 

Аз жаргалын индекс гэдэг нь хар ухаанаар бодоход, хүн амын дундаж наслалт, боловсрол орлогын үзүүлэлтээр хүний хөгжлийн индекс, Нью-Йоркийн хөрөнгийн биржийн үнэт цаасны зах зээлийн хандлагыг илэрхийлдэг биржийн индекс, амьдран суух зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлтийг хэмждэг орон сууцны үнийн индекс, орлогын ерөнхий түвшингийн өөрчлөлтийг харуулдаг бодит цалингийн индекс зэргээс шал өөр юм байхгүй юу. Ердөө л хэн ч бай ямар ч стресс бухимдалгүй, гачигдах дутагдахын зовлонгүй, эрүүл саруул, сэтгэл хангалуун амьдарч, аж төрөхийг л хэлээд байгаа юм. Ердөө 30-хан жил л тэсчихвэл...