ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Танихгүй танил

А.ОДСҮРЭН
2020-02-06

Т.Билэгжаргал гэдэг хар тамхичин залууг Монголын хууль өршөөж болохгүй. Төрсөн эхийгээ зодож байгаа хүн юу эсийг ч хийхэд бэлэн байна гэсэн үг. Хар тамхинд бурууг өгч болох ч тэрийг хэрэглэснийх нь төлөө түүнийг хатуу шийтгэх ёстой. Ганц хоёрхон кинонд тоглосноороо, телевизийн ганц шоунд оролцсоноороо, энд тэнд патиараа хэд татуулснаа, хэнд ч таалагдахгүй ганц хоёр дуу дуулснаараа өөрийгөө од болчихлоо хэмээн бодож яваа урлаг, соёлын залуус хэтэрхий олширлоо. Тэд нэг хоёроороо нийлж, хаана юу хийж явааг нь цагддаг, хянадаг байхад илүүдэхгүй юм байна. Дуучин хүүхний нөхөр гэдгээрээ олны анхааралд өртөж, “од” болох гараагаа эхэлсэн Т.Билэгжаргал шиг залуус цөөн биш. Хар тамхи бол тахал. Юун коронавирус. Үр удмаар нь, үндэс угсаагаар нь, үндэстэн ястнаар нь устгадаг хар тахлыг янжуур сорохтой, зуун грамм татахтай яавч зүйрлүүлж болохгүй гэдгийг сүүлийн үеийн мэдээллүүд харуулж байна.

Тэнгэрээс унаж, цэцэгнээс дэлбээлээгүй, эцэг эхийн хайраар хүн болж төрчихөөд хар тамхинд толгойгоо мэдүүлж, төрсөн эхийгээ зодож байгаа хүн бол хүн биш араатан. Араатан шинжийг олсон ч эх хүн хүүгээ л гэнэ. Эхийгээ зодож буй бичлэгийг нь соошлд тавилаа, хүний эрх гэж ярьцгааж байна. Ээжийн сэтгэл хэцүү байгаа гэнэ. Тийм ээ, тэгэхдээ ийм үртэй байснаас байгаагүй нь тэр эхэд дээр ч юм бил үү гэж бодоод үзье. Эх хүн хэзээ ч үрдээ бурууг өгч чаддаггүй юм. Хүүгээ хэдэн жилийн өмнөөс хар тамхи хэрэглэж байсныг нь мэдэж байсан ч хэнд ч хэлэхгүй, хүний хэл амнаас хамгаалж байсан ч байж болох. Монголын кино урлагийг шүүмжилж “Сүйрч байна. Хэллэг, нийгэмд өгч байгаа мессеж сэтгэлгээ авах юм алга. Хүний тархинд үр тарих биш, хүмүүсийн халаасыг сэгсрэх хүслээр ажиллаж байгаа киночид өөртөө дүгнэлт хийгээд бодох хэрэгтэй. Өөрсдийгөө юу хийж байгаагаа харах, дахин дахин бодох ёстой” гэхчлэн томорч байгаагүй бил үү. Хар тамхи хэрэглэсэн хүн өөрийгөө удирдан залах чадваргүй болж, ямар ч гэмт хэрэг үйлдэхэд бэлэн болж, амьдралын хэв маяг богино хугацаанд өөрчлөгдөж, эрүүл саруул ухаанаар амьдрах аргагүй болдог гэдэг.

Хар тамхи бол зугаа цэнгэл биш, түр зуурын жаргал ч биш. Өөрийгөө, өрөөлийг, эргэн тойрныхноо амьдын тамд унагаж байна. Монголд хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодис оруулж ирдэг хэд хэдэн бүлэглэл бий. Тэдний дунд хил, гаалийн ажилтны хүүхдүүд, олны танил хүмүүс, прокурор, цагдаагийн албан хаагч байдаг гэсэн мэдээлэл ч байдаг. Тийм бүлэглэлийнхнийг л илчилж, барьж шийтгэхгүй бол олон олон Билэгжаргалуудын бичлэгийг нийгэмд цацаж, хар тамхи хэрэглэсэн залуучуудыг нийгмээс тусгаарлаад, үзэн ядуулаад ч нэмэргүй. Хар тамхины хэргээр баривчлаад төд удалгүй сулладаг, өршөөдөг байдал хүүхэд залууст буруу сэдэл төрүүлж байгааг ч дашрамд хэлмээр байна.