ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Мэдрэмжтэй сайд”

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-02-07

Түүнийг анх сайдаар томилоход салбарын бус хүн хэмээн шалтагтай, шалтаггүй эсэргүүцэх хүн олон байлаа. Сэтгүүлч хүн эрүүл мэндийн  сайд болсонд “тоон дотор үсэг” гэлцэн салбарынхан ч битүүхэндээ дургүй байсан нь нууц биш. Гэвч гологдсон сайд дөрөв хүрэхгүй жилийн дотор уналтад ороод байсан Эрүүл мэндийн салбарыг сэвхийтэл босгоод ирдэг юм байна. Гэхдээ тэр ямар ч ажлыг бусдад хүлээн зөвшөөрөгдөх гэж бус үр дүн, ахиц дэвшлийг нь харж хийдэг гэдгийг түүнтэй ойрхон явсан мэргэжил нэгт нөхөд нь хэлдэг юм билээ. Түүнийг эрүүл мэндийн салбарыг удирдсан энэ хэдхэн жилд эмч, сувилагчдын нийгмийн асуудал шийдэгдэж, хүүхдийн шүдний өвчлөл буурч, хавдрын оношлогоо, эмчилгээнд бодит дэвшил гарсан. Энэ дөрвөн жилд эрүүл мэндийн салбар түүхэндээ байгаагүй ололт амжилтаар дүүрэн байсан гэхэд хэтийдсэн магтаал болохгүй болов уу.

Дэлхий нийтийг айдаст автуулаад буй коронавирусийн дэгдэлтийн үед ч гологдох хүн биш гэдгээ батлан харуулсаар байна. Хил залгаа оршдог хөрш орнуудад вирусийн тархалт өндрөө авч, их гүрнүүдийн дунд орших манай улс хамгийн өндөр эрсдэлтэй орны тоонд багтаж байгаа ч өнөөдрийг хүртэл халдварын тохиолдол илрээгүй байгаа нь урьдчилан сэргийлэх ажлыг сайн зохион байгуулж байгаагийн үр дүн. Дэлхий нийтээр онц байдал зарласан энэ цаг үед иргэдэд  бодит мэдээлэл хүргэж, тайван амгалан байдлыг хангах нь хамгийн чухал. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ард түмнийг төөрөгдүүлэх ташаа мэдээлэл  гарахаас сэргийлж сэтгүүлч хүний торгон мэдрэмжээр албан ёсны мэдээллийг цаг алдалгүй хүргэж байгаа нь олны талархлыг хүлээж буй юм. Хэдийгээр манай улсад халдварын тохиолдол илрээгүй ч иргэдэд үйлчлэх тусгай дугаарын утас ажиллуулж, эмч нарыг байнгын бэлэн байдалд байлгаж, сэжигтэй тохиолдол бүрийг тусгаарлан хянаж байна.

Өөрөө ч 24 цагаар яаман дээрээ ажиллаж байна. Бүх зүйл нарийн зохион байгуулалттай хяналтад байгааг харууллаа. Мэргэжлийн бус гэгдэж байсан сайддаа ард түмэн бүрэн дүүрэн итгэлтэй боллоо. Хэдий тэрбээр чагнуур зүүж, өвчин оношилж байгаагүй ч энэ салбарт юу хэрэгтэй, ямар асуудлыг яаж шийдэх вэ гэдгийг сайн мэдэх торгон мэдрэмжтэй удирдагч аж. Тэр хүлээж авсан ажлаа нэр төртэй биелүүлж явна. Түмэн олны эрүүлийн төлөөх зүтгэл тань мохошгүй байг. Сайн байна, Д.Сарангэрэл сайд аа.