ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Амжилт хүсье, “King Tug”

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-02-10

“Боксоор хэзээ ч хичээллэхгүй юм шүү. Айхтар өвддөг байх” хэмээн зурагтаар үзэх бүртээ халгаж боддог байсан жаалхан хүү өнөөдөр Монгол Улсын нэрийг мэргэжлийн боксын дэвжээн дээр дуудуулах гайхалтай алдрын эзэн болж чадаж байна. Тэр бол олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, IBO холбооны аварга, гавьяат тамирчин Н.Төгсцогт юм. Өвөөгийнхөө удамд байсан сайн бөхийн удмыг үргэлжлүүлнэ хэмээж 10 настайгаасаа жүдогоор хичээллэж эхэлсэн ч секцээ болж өгвөл тасалчихдаг, уралдаан тэмцээн болохоор л зорьж очих байдлаар хэсэг хугацаанд явсан гэдэг.

Угтаа залуу хүүгийн хүсэл бөхийн спорт биш байсан учраас дурлаагүй хэрэг л дээ. Ингэж явсаар 14 насандаа сонирхолдоо хөтлөгдөн нөгөө хичээллэхгүй гэж бодож явсан боксын спортоороо хичээллэж эхэлсэн бөгөөд эргэлт буцалтгүй дурлаж эхлэв. Ийнхүү “Алдар” спорт хорооны гавьяат дасгалжуулагч А.Гантулгаар боксын “А” үсгийг анхлан заалгасан хүү гуравхан жилийн дотор л ДАШТ-нд оролцож, дэлхийн дэвжээн дээр гарч чадсан.

Зургаахан жилийн дараа олимпын мөнгөн медаль зүүж чадсан юм. 20 насандаа “Лондон-2012” олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн бөгөөд энэ амжилтаараа хамгийн залуудаа өндөр амжилтад хүрсэн тамирчин хэмээн нэрлэгддэг ажээ. Залуу хүүгийн амжилт энд хүрээд дуусаагүй. Хэдийгээр сонирхогчдын боксоор илүү их амжилт гаргах боломж түүнд байсан ч тэр мэргэжлийн боксоор хичээллэхээр эргэлт буцалтгүй шийдсэн юм.

Түүний энэ сонголт ч буруу байгаагүй. “King Tug” хочит Н.Төгсцогт мэргэжлийн дэвжээнд 11 тулаан хийж бүгдэд нь ялсан. Өнгөрсөн жил тэрбээр IBO холбооны аваргын бүс зүүж чадсан бол өчигдөр /тус улсын цагаар бямба гарагийн орой/ WBC холбооны аваргын бүсийн төлөө ээлжит тулаанаа хийв. Чингисийн хар сүлд тугаа залсан залуу хүүг дэмжихээр ирсэн монголчууд АНУ-ын Пенсильвания мужийн Аллентаун хотын “PPL Center” спортын ордонд Монголынхоо далбааг барьсаар “King Tug” хэмээн уухайлах нь бахархалтай.

Монгол гэсэн нэрийг сонсох бүртээ урагшаа илүү далайцтай тэмүүлж байсан гавьяат маань харамсалтай нь мэргэжлийн дэвжээн дээр анхны ялагдлаа хүлээлээ. “WBC” холбооны дөрвөн удаагийн аварга, мэргэжлийн боскын дэвжээнд 31 тулаан хийснээс ердөө ганцхан удаа л ялагдаж байсан Г.Расселтай тэр 12 үе эн тэнцүүхэн тулалдаж, ердөө хоёрхон онооны зөрүүгээр ялагдал амслаа. Гэвч энэ ялагдал бол түүний ирээдүйд авчрах олон ялалтынх нь эхлэл байх биз. Монгол хүн WBC холбооны аваргын бүсийн төлөө тулалдана гэдэг өөрөө амжилт.

Эхлээд аваргатай тулалдаж, дараа нь аваргыг ялж байж амжилтад хүрдэг учраас энэ удаагийн ялагдал илүү их амжилтын үүд хаалгыг нээж өгнө хэмээн элэг нэгт ахан дүүс чинь чамайг уухайлсаар байх болно. Залуу хүү минь зорьсноо биелүүл. Чамайг монголчууд байтугай дэлхийн олон зуун мянган хүн дэмжсээр байгаа. Гагцхүү тэр хайр хүндэтгэлийг дааж, илүү их хурд, хүч, техник, тактикаар аваргын бүсийг зүүх өдөр тун удахгүй ирэх байх аа. Алдаагаа амжилт болгох ухаан чамаас л гарах учиртай юм. Амжилт хүсье, “King Tug”.