Үнэгүй юманд нугасгүй байсан монголчууд минь соошл орчин хөгжсөнөөс хойш сугалаа бас дахин сугалаагаар амьдардаг болсон. Тэнгэрлэг монголчуудад зориулсан тиймэрхүү үйлчилгээ ч хар мянгаараа юм аа, базарваань. Бүтээгдэхүүнээ зарах гэсэн эгч, ах нар энэхүү пост дээр лайк дарж, шэйрлээд, сэтгэгдэл хэсэгт гурван найзыгаа мэншин хийгээрэй хэмээн өдөр бүхэн хэдэн монголчуудыг минь азын сугалаагаар авлигадах гэж оролдох болов.
Зарим хүмүүсийн хувьд амьдралынх нь бүх цаг хугацаа зөвхөн лайк дарж, шэйрлэж, гурван найзыгаа мэншин хийхэд л зарцуулагддаг гэсэн судалгааны дүн хүртэл байна, цаана чинь. Иймэрхүү зүйлийг олны танил бүсгүйчүүд бүр мэргэжлийн хийдэг юм билээ. Дуучин Ану, Т.Дэлгэрмөрөн дуучны гэргий Солонгон аашт, хөтлөгч Д.Одзаяа гэх мэтээр бүсгүйчүүдийн мэдрэлээр “сега” тоглож байгаа олны танил хүмүүс ч их бий.
Тэгвэл өчигдөр л гэхэд Аглуу машин өгнө гэсэн пост соошл орчинд хэдэн зуун мянган удаа шэйрлэгдэж, хэдэн зуугаараа лайк дарж, олон мянган гэмгүй хүмүүс тэрхүү постын дор мэншиндүүлэв. Би ч тэдгээр мэншиндүүлэгчдийн нэг болов. Сүүлдээ Аглуу нь мөн байгаасай хэмээн сайн найзынхаа өмнөөс залбирч ч байх шиг. Худлаа байсныг нь мэдээд миний найз яаж сэтгэлээр унах бол хэмээн өмнөөс өрөвдөж, үнэнийг хэлэх эсэхдээ ч эргэлзэхэд хүрч байна шүү дээ.
Таны эргэн тойронд ч “Жүжигчин Т.Бархүү байна аа. Танд миний гэр бүлийн зүгээс байр бэлэглэхээр энэхүү уралдааныг эхлүүллээ” хэмээх постыг өдөрт хамгийн багадаа 1-2 удаа шэйрлэдэг найз, танил тал, ах дүү байж л байгаа. Эсвэл тиймэрхүү постын дор таныг мэншиндэх ажилдаа уйгагүй, чин сэтгэлээсээ ханддаг найзууд ч бий. Нэг л өдөр азтан болно доо хэмээн итгэж, басхүү нэг удаа ч гэсэн үнэн байгаасай гэж боддог ч байж мэдэх юм.
“Худлаа зүйл шүү дээ” хэмээн ятгасан найздаа итгээд шэйрлэхгүй өнгөрчихвөл үнэнээсээ Бархүү байр бэлэглэчихвэл яана аа хэмээн шөнө бараг нойр нь хүрдэггүй байх, зайлуул. Буруутгаад яах вэ, тэднийгээ. Сэтгэл нь сайхан юм гэдэг шиг шэйрлэж, мэншиндэж, лайк дарж л яваг. Гэхдээ энэ мэт хичээл зүтгэлтэй хүмүүст лайваар дагнадаг бүсгүйчүүд нэг удаа ч болов бэлэг өгч болдоггүй юм байх даа хэмээн өмнөөс нь санаа зовних үе гарна аа.
Гар утас, ганган машин, бүр байр авчихсан азтан байдаг бол гарч ирээд өөрийгөө харуулаасай гэж бодох үе ч гарах юм. Фэйсбүүкээр хэзээ нэг өдөр азтан болно доо гэж уйгагүй шэйрлэж, лайк дарж байгаа хүмүүст ядахдаа хуурамч лайк цуглуулдаг хүмүүс нь 10000 төгрөг ч болтугай бэлэглэж, амьдралд нь тус нэмэр болоосой билээ. Жилийн 365 хоног шэйр хийснийг нь үнэлээсэй хэмээн бодох юм. Миний эргэн тойронд буй олон зуун байр, машинд итгэгчдийн өмнөөс нэг зүйлийг хүсэх байна. Аглуугаас машин авч, Бархүүгээс байр бэлгэнд авчихсан хүмүүс нь ил гарч ирнэ үү, баярлалаа. Тэгвэл үнэн хэмээн ихэд үнэмшилтэй шэйрлэж буй найзууддаа “үргэлжлүүлэн шэйрлээрэй” хэмээн хэлэх итгэл үнэмшилтэй болох гээд байна.