ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Сүхбаатар: Нярай хүүхдийн эд зүйлд мансууруулах бодис нуусан байсан

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-02-10

Гаалийн ерөнхий газраас  цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр хилээр хууль бус аргаар хар тамхи,  бусад бараа нэвтрүүлж буй асуудал хэрхэн хяналт  тавьж байгаа талаар Тус газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэлийн газрын Хар тамхины хяналтын албаны дарга Б.Сүхбаатараас тодрууллаа. 

-2020 он гарнаас хойш манай улсын хэмжээнд хилээр хар тамхи, мансууруулах бодис зөөвөрлөсөн  хэчнээн тохиолдол бүртгэгдсэн бэ? 

-ГЕГ-аас 2020 онд хар тамхи,  мансууруулах бодис, их хэмжээний бэлэн мөнгийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх зөрчил, гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр  эрчимжүүлсэн хяналтыг хэрэг­жүүлж, тодорхой хөтөлбөр төлөв­лөгөө гаргаж ажиллаж байна.  2020 он гарснаар хар тамхи, мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан тохиолдол бүртгэгдээгүй.  Нуун далдлах аргын талаар  дэлгэрэнгүй олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нээлттэй яримааргүй байна. Учир нь сөрөг үр дагавар гарах магадлалтай байдаг.

-Иргэдэд анхааруулж,  жишээ дурдаж болох уу. Иргэдийн ачаа тээшинд нууцаар хар тамхи хий­чихдэг тохиолдол гардаг шүү дээ? 

-Жишээ дурдахад, мөс гэх бодисыг дөнгөж төрсөн нярай хүүхдийн эд зүйлд нуугаад хүүхэдтэйгээ оруулж ирж байсан. Мөн шуудан илгээмжээр дамжуулан бусдын хаягийг ашиглан илгээсэн байсан. Ард иргэдэд анхааруулахад, хувийн мэдээллээ хянаж, хамгаалах хэрэгтэй байна. Үүнээс гадна шуудан илгээмжээр дамжуулан бусдын хаягийг ашиглан илгээсэн байсан. Иймд хувийн мэдээллээ хянаж, хамгаалахыг зөвлөе. 

-Хар тамхи болон бусад хууль бус барааг шалгах, илрүүлэх тоног төхөөрөмж манай улсын  хувьд хэр хүртээмжтэй байдаг вэ?

Гаалийн байгууллагаас 100 хувь илрүүлж байна гэх мэтчилэн тоо хэлэх нь харьцангуй ойлголт.   Гаалийн Ерөнхий газрын харьяа гаалийн газар, хороодыг хар тамхи, мансууруулах бодис, тэсрэх бодис илрүүлэх өндөр мэдрэмжтэй хяналт шалгалтын багаж, тоног төхөөрөмжүүдээр бүрэн хангах ажлыг хэрэгжүүлдэг. Улмаар холбогдох сургалтуудыг хийж хариуцан ажиллуулах байцаагч нарт нь хүлээлгэн өгч ажиллаж байгаа юм. Тухайлбал, Target ID, TrueNarc, LDS G-Scan зэрэг АНУ, Их Британи, Израйль улсуудад үйлдвэрлэсэн төрөл бүрийн хэлбэр, төлөв байдалтай бодист зайнаас болон шууд дээж авалтаар шалгалт хийх хүчин чадалтай нийт 16 ширхэг тоног төхөөрөмжийг хилийн боомт бүхий гаалийн газар, хороодод хүргүүлж байна.   

-Өнгөрсөн жилүүдэд манай улсад  хил гаалиар  хууль бус бараа нэвтрүүлсэн хэчнээн зөрчил бүртгэгдэж байсан бэ?

-2020 оны хоёрдугаар сарын 05-ныг хүртэлх хугацаанд хар тамхи, мансууруулах бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан гэмт хэрэг, зөрчил гаалийн байгууллагын хэмжээнд бүртгэгдээгүй. 2018 оны байдлаар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 15 удаагийн үйлдлийг таслан зогсоосон. Эдгээрт холбогдох 200 орчим грамм мансууруулах бодисыг хурааж,  харьяаллын дагуу шилжүүлсэн. Харин 2019 онд нийтдээ 11 холбогдогчтой есөн удаагийн үйлдлийг таслан зогсоож, 4.5 кг мансууруулах бодисыг хурааж хууль сахиулах байгууллагад шилжүүлсэн. Сүүлийн гурван жилд улсын хилээр хар тамхи мансууруулах бодис нэвтрүүлэхийг завдсан 47 хэргийг шүүхэд хүргүүлсэн. Цаашдаа илрүүлэлтээ нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой ажлууд хийгдэж байгаа.

-Их хэмжээгээр мөнгө гаалиар оруулахыг завдсан асуудал гарсан уу. Жишээ дурдвал? 

-Буянт-Ухаа дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар 2020 нэгдүгээр сарын 29-ны өдөр 16:45 цагт КЕ868 аяллын дугаартай Улаанбаатар-Сөүл чиглэлийн нис­лэ­гээр явах зорчигч Монгол Улсын ир­гэн “Н”-ийг улсын хилээр нэвт­рэ­хэд нь гар тээш болох А-4 хэмжээтэй хар саарал өнгийн гар цүнхийг рентген аппаратаар шалгахад 56 сая вон гаалийн байгууллагад мэдүүлэлгүй улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлсэн.

-Ийм төрлийн зөрчил  илэрсэн тохиолдолд ямар шийтгэл оноо­дог бол. Тухайлбал,  дээрх иргэнд ямар хариуцлага тооцох вэ?

-Тус гаалийн газраас  зорчигч Монгол Улсын иргэн Н-д хол­бог­дуу­лан Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.29 дүгээр зүйлийн 22 дэх хэсгийн 22.1-т зааснаар зөрчлийн хэрэг нээсэн. Одоогоор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж байгаа.