НӨАТ-ын буцаан олголтын мөнгө өчигдөр өглөө үүрээс эхлээд иргэдийн дансанд орлоо. Өчигдөр цахим орчинд “НӨАТ орлоо. Орой яах юм. НӨАТ-ын мөнгөөрөө байр, машин аваад үлдсэнээр нь гадаадад зугаалаад ирье. Энийг нь хоолонд даая. Тэрийг ч бааранд оруулъя. Хэдэн хувийг нь сайн үйлсийн аянд зориулъя. Хандив тусламж өгье” гэцгээв. Монголчууд ийм сэтгэл сайхантай, аархуу баярхуу хүмүүс л дээ. Зүгээр байхад орж ирсэн, гэнэт олдсон мөнгө юм чинь юунд ч зарцуулсан яахав. Улсад төлсөн татварын мөнгөнөөс хоёр хувийг нь буцаагаад өгч байна гэдэг төр засаг иргэдээ маш том харж үзэж байгаагийн илэрхийлэл. Санаачилсан болон өгч байгаа хүнд нь хүрэл хөшөө босгосон ч болно. НӨАТ-ын буцаалтын мөнгөнүүдээ хандивын сан нээж цуглуулж байгаад босгоход сэвхийгээд л сүрлэг сайхан хөшөө босоод ирнэ. Хөшөөгөө Улсын татварын ерөнхий газар, Сангийн яамны үүдэнд байрлуулж болно. Нэг санаа л даа. Дэмжээд явчихна биз.
Жилд ганц удаа 100, 200, 300 мянган төгрөг авчихаад, жилдээ ганц удаа баярхаж, аархаж яагаад болохгүй гэж. Гадаадын хөгжилтэй орнууд бол тав, найм, арван хувийг нь буцааж олгодог юм гэсэн. Хоёрхон хувийг нь буцааж авчихаад монгол даяараа магнайгаа хагартал баярлаж болоод л байна. Тэд тав, арван хувийг нь буцааж авчихаад яадаг бол. Чив чимээгүй хувиа бодож, довоо шарлуулаад гэр бүлээсээ нууж “офшор”-т хадгалчихдаг байх даа, муу сайн юмнууд. Бас байр, машин авч тансагладаг биз. Жил бүр авсаар байгаад одоо авах юм олдохгүй арал, тив худалдаж авах гэж ч байж мэднэ. Монгол хүний хоёрхон хувь ингэж том нөлөөлж, том сэтгүүлж чадаж байхад, баян орны өндөр хувийн буцаан олголт авдаг хүмүүс бол балайг нь авдаг биз. НӨАТ орлоо, орой яахын гээд нүүр номдоо бичингүүт “маньдаа л даа” гээд ороод ирэх нь ч байхад, хамт үрэлцье гэх найзархуу хүмүүс ч байна. Ер нь л гоё шүү, монгол сэтгэхгүй, монгол ахуй, монгол буцаалт, монгол төрийн харж үзэлт.