ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Учраа ойлгоогүй” Ч.Улаан сайд

O.Admin
2020-02-13

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын суудалд очих гэж Төрийн ордонд “үнэгэн шогшоо” хийж явсан Ч.Улаан сайдыг ойрын хэдэн өдөр Засгийн газрын хэмжээнд “эрэн сурвалжиллаа”. Улсын онцгой комиссын хуралдаан болж байхад салбар хариуцсан гол сайд нар эзгүй байсны нэг нь Ч.Улаан. Дэлхий нийтийг айдаст автуулсан коронавирусийн тархалт улам бүр нэмэгдсэн учраас хаа сайгүй бөөнөөр цуглахгүй байх Засгийн газрын шийдвэр гарчихаад байхад сар шинийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулах ажлыг санаачилсан хүн нь мөнөөх л Ч.Улаан сайд. Хил хаах сургаар иргэд хүнсээ нөөцөлж, өргөн хэрэглээний бараа өдөр өдрөөр нэмэгдэж байхад “Махны үнэ надад хамаагүй” гэж мэдэгдсэн хүн нь нөгөөх л Ч.Улаан. Улс даяар онц байдал зарлаж байхад хүнсний бүтээгдэхүүний хангалт хэр байгаа, хилээ бүрэн хаасан тохиолдолд гурил, будааны үнийг хэрхэн зохицуулах, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чадах эсэх талаар  өдөр бүхэн мэдээлэл өгөх ёстой албан тушаалтны нэг нь ч бас л Ч.Улаан сайд. Гэтэл тэр сайд нь улсын онцгой комиссын хуралдаа ч тоож суусангүй.

Харин эсрэгээрээ худалдааны төв болгонд ХХААХҮ-ийн яамны дэмжлэгтэй гэсэн үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байгааг хүн бүхэн ярьж, бичиж байна. Харин сайд нь үүнд “Харин ч иргэдээ урагшаа явуулахгүй гэж ийм арга хэмжээ авлаа” гэсэн гэнэн гэхэд дэндүү гэнэн хариулт өгч байх ажээ. Өвчин хаяанд ирчихээд байхад цагаан сар хийнэ гэсэн бодлоо орхиогүй яваа өөдрөг мөрөөдөлтэй хүн нь магадгүй манай ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан л байх. Махны үнэ өдөр өдрөөс өсөж байхад “надад хамаагүй” хэмээн мэдэгдэл хийх атлаа, арьсаа хамгаалах болохоор үсэрч гарч ирдэг хүн бас л манай Ч.Улаан сайд. Дэлхий нийт юунаас айж түгшиж байгааг, тэр өвчнөөс болж Монгол Улсын эдийн засаг хэрхэн савлах, тэр тохиолдолд хүнсний салбарын бэлэн байдал хангалттай эсэхийг өөр хэн нэгний амнаас биш сайд таниас ард түмэн сонсмоор байх юм. 70 сая малтай атлаа баяр болохоор л үнэ нь нэмэгддэг учир шалтгааныг ч бас таниас сонсохыг хүсч байна, бид.

Үзэсгэлэн худалдаа биш үнийн өсөлт, хэлбэлзэл, дотоодын хүнсний аюулгүй байдлыг сайтар анхаардаг сайдтай байхыг бас хүсэж байна. Болзошгүй эрсдэл ирсэн үед, болох болохгүй өвчин гарсан үед улс орон тайван байх эсэх нь дотоодын хүнсний хангамж, хүрэлцээний асуудал байдаг. Үүнийг хангахын тулд салбар хариуцсан сайд гэж байдаг. Гэтэл өвөлжилт болоход “дэд сайдаа хөөж явуулдаг, махны бизнесийн маргаан болохоор үсэрч гарч ирдэг сайдаар ч яах юм. Улсын онцгой комиссын хуралдаа сууж олон нийтийг мэдээллээр хангахгүй атлаа үзэсгэлэн худалдаа болохоор “үнэгэн шогшоо” хийж явдаг сайдаар ч яах билээ. Та мэддэг чаддагт нь ажлаа өгөөд, амар тайван сар шинэдээ бэлтгэвэл яадаг юм бэ, сайд аа. Улс орон сандарч, мэгдэж байхад учраа ойлгохгүй яваа хүн ганцхан та л байна даа. 

Б.Эрхэс