ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хятадын Хунань мужаас ирсэн зургаан оюутныг ХӨСҮТ-д тусгаарлажээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-02-14

Шинэ төрлийн коронавирус буюу covid-19 өвчний нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас албан ёсны ээлжит мэдээллээ хийлээ. Одоогоор манай улсад энэ вирусээр өвчилсөн хүн нэг ч байхгүй хэвээр байна. Гэсэн ч болзошгүй эрсдлээс сэргийлэх үүднээс сэжигтэй гэж үзсэн иргэдийг тусгаарлах арга хэмжээ авсаар байгаа аж. ХӨСҮТ-ийн дарга Т.Нямхүү энэ талаар мэдээлэл өгөв. Тэрбээр, "Өнөөдрийн байдлаар сэжигтэй тохиолдол гэж үзэж Дорнод аймагт нэг, Баян-Өлгий аймагт нэг, ХӨСҮТ-д тусгаарласан хоёр хүний шинжилгээний хариу тус, тус сөрөг гарсан. Өчигдөр ХӨСҮТ хоёр иргэнийг тусгаарласан. Тэд бол Монголд өмнө нь ирсэн иргэд байсан. Мөн өчигдөр Бээжин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор Хунань мужийн Чангша хотод сурдаг зургаан монгол оюутан ирснийг мөн тусгаарлах арга хэмжээ авлаа. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д найман иргэнийг тусгаарласан, шинжилгээ авч байна. Архангай аймагт мөн нэг иргэнийг тусгаарласан. Өмнө нь Ухань хотоос ирсэн 31 оюутны давтан шинжилгээ мөн л сөрөг гарсан. Тэд өдөр бүхэн халуунаа үзүүлж, хяналтад байсан. Эмч нарын зөвлөл хуралдаад тэднийг маргаашнаас гэрт нь гаргах нь зөв гэж үзлээ" гэв. Мөн иргэдийн зүгээс 24 цагаар ажиллаж байгаа утасны талаар дахин мэдээлэл авахыг хүсчээ. Эрүүл мэндийн яам 323002, ХӨСҮТ 100, 80086829, Зоонозын өвчин судлалын үндэсний төв 70284393, СЭМҮТ 1800-2000 гэсэн тусгай дугаарыг тус тус ажиллуулж байгаө гэлээ. Мөн дэлхий дахинд Ухань хотоос өөр газар шинэ өвчлөл бүртгэгдээгүй аж. Харин тус улсад өчигдөр, өнөөдөр хоёр өдөр өвчилсөн иргэдийн тоо огцом нэмэгдсэн нь илрүүлгийг арай өөр байдлаар хийж эхэлсэн, мөн анхны хавьтагч, сэжигтэй тохиолдлыг шууд оношилж эхэлсэнтэй холбоотой гэлээ.