ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Нарангэрэл: Хоёр метрийн зайнаас бие биетэйгээ харьцах нь зүйтэй

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-02-17

Шинэ коронавирусийн халдварын талаар Эрүүл мэндийн яам болон  холбогдох албаныхан өчигдөр мэдээлэл хийлээ.  Сүүлийн 24 цаг буюу бямба гарагтай харьцуулахад өвчлөл 2,009 тохиолдлоор нэмэгджээ. Нийт өвчлөлийн тоо 68,584 болсон бол нас барсан хүний тоо 142-оор нэмэгдлээ.

Улмаар  хоёрдугаар сарын 16-ны өдрийн  байдлаар нас барсан хүний тоо 1666-д хүрсэн аж.  Харин эдгэрсэн хүний тоо 1,324 тохиолдлоор нэмэгдэж 9,425 болжээ.  Бямба гарагийн байдлаар коронавирусийн халдвар БНХАУ-аас гадна 25 улсад бүртгэгдсэн бол өчигдөр Египет улсад шинээр бүртгэгдлээ.  Тус улсад бүртгэгдсэн тохиолдол нь БНХАУ-д аялсан гэдэг өгүүлэмжтэй.  Манай улсад өнөөдрийн байдлаар шинэ коронавирусийн халдвар гараагүй байгаа талаар  ЭМЯ-аас мэдээлэв. Гэсэн ч зарим хүмүүсийг ажиглалтад авч, хяналт хийж  байгааг  онцоллоо. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэлэхдээ, “Хоёрдугаар сарын 14-нд тусгаарлагдсан таван тохиолдлын шинжилгээний хариу бүгд сөрөг гарлаа.  ХӨСҮТ-д нэг, Налайх дүүрэгт нэг, Завхан аймагт тусгаарлагдсан тохиолдлууд бүгд шинэ коронавирусээр халдварлагдаагүй нь тогтоогдлоо.  Завхан аймагт гарсан сэжигтэй тохиолдол илэрсэн хүн нь долоон настай хүүхэд байсан. Мөн ээж, аавыг нь тусгаарласан байсан бөгөөд БНХАУ-ын Эрээн хотод амьдардаг, хятад аавтай, монгол ээжтэй гэр бүл. Харин хоёрдугаар сарын 15-нд ХӨСҮТ-д хоёр, Замын-Үүдэд нэг, нийт гурван тохиолдлыг тусгаарлан, үзлэг шинжилгээ хийж байна” гэв.  

Харин ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа Замын-Үүдэд тусгаарлагдсан  хүний талаар тайлбар хийсэн юм. Тэрбээр  хэлэхдээ, “Хоёрдугаар сарын 15-ны өдөр Замын-Үүд боомтоор Монгол Улсын 104 иргэн хил нэвтрэн орж ирсэн. Тэдгээр хүмүүст холбогдох байгууллагууд эрүүл мэндийн үзлэг хийж, асуумж авсан. Хилээр орж ирсэн иргэдийг Замын-Үүдэд чөлөөлж, бэлдсэн байсан гурван зочид буудалд 14 хоног тусгаарлан ажиглалт хийнэ. Термокамер болон, эрүүл мэндийн асуумжаар нэг зорчигч халуунтай байсан нь илэрсэн. Тиймээс тухайн хүнийг тусгаарлан үзлэг, шинжилгээ хийж байна. Нийтдээ 104 хүн Замын-Үүд боомтоор орж ирснээс нэг иргэнийг тусгаарлан, 103-ыг ажиглалтад хянаж байгаа” гэв.

Олноороо цугларч бууз, банш хийхгүй байхыг зөвлөв

Халдварын статистикийг дэлхийн улс орнуудаар ангилан танилцуулбал, БНХАУ-д хамгийн их буюу 68.501 тохиолдол, Японд 408, Сингапурт 72, Хонг Конгт 56, Тайландад 34, Өмнөд Солонгост 29, Малайзад 22, Тайванд 18, Герман болон Вьетнамд 16 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. Харин  Америк болон  Австралид тус тус 15, Францад 12, Макаод 10 гэсэн үзүүлэлттэй байна. 10-аас доош тооны халдвар бүртгэгдсэн улс орнуудыг багтаагаагүй талаар  эх сурвалж мэдээлжээ. 

Харин ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл сар шинийн  баяртай холбоотой зарим зүйлийг иргэдэд анхааруулж хэллээ. Тэрбээр, “Өвчлөл буурахгүй, эрчимтэй байгаа тул ард иргэддээ хэдэн зүйлийг анхааруулж хэлье. Засгийн газраас Цагаан сарыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор хүн амын нягтрал үүсгэхгүй байх хэрэгтэй. Ялангуяа гэр бүлийнхэн олноороо цугларч бууз, банш хийхгүй байх, олуулаа хүнсний зах руу явахгүй байхыг анхааруулж байна. Хүн амын бөөгнөрөл нягтрал үүсгэхгүй байх нь энэ өвчнөөс сэргийлэх бас нэгэн арга. Бид хэдийгээр Цагаан сарыг тэмдэглэхгүй боловч гэр орноо цэвэрлэж, хог, тоос шороогүй байх нь зөв байх. Нэмж хэлэхэд хоёр метрийн зайнаас бие биетэйгээ харьцах нь зүйтэй гэсэн судалгаа гарсан” гэдгийг онцоллоо.

Ухань хотоос ирсэн оюутнууд эмнэлгээс гарлаа

Халдварт өвчин судлалын үндэсний төвд тусгаарлагдан хяналтад ороод байсан 31 оюутан, нэг хүүхэд бямба гарагт  эмнэлгээс гарсан  аж. Шинэ коронавирус илэрсэн БНХАУ-ын Ухань хотод суралцаж байсан Монголын 31 оюутан, нэг хүүхдийг хоёрдугаар сарын 1-нд Улаанбаатар хотод агаарын тээврээр авчирсны дараа ХӨСҮТ-д 14 хоног тусгаарлан, хяналтад аваад байсан юм. Тэдний шинжилгээний хариу сөрөг гарсан талаар  мэдээлж буй. Тэднийг хоёр удаагийн лабораторийн шинжилгээнд хамруулахад, сөрөг гарсан, өдөр бүр эмчийн хяналтад байхад ямар нэг зовуурь илрээгүй учраас ийн эмнэлгээс гаргаж байгаа юм. Ухань хотоос оюутнуудыг авчрах үйл ажиллагааг Гадаад харилцааны яам зохион байгуулсан бөгөөд тус хотоос оюутнаа авчирсан эхний таван оронд багтсан. Энэ нь иргэнийхээ эрүүл мэндэд анхаарал хандуулдгийн жишээ гэдгийг холбогдох албаныхан хэллээ.