Америкийн хөлбөмбөгийн аваргын төлөөх тоглолт болох “Super Bowl-2020”-ын үеэр алдарт дуучид Женнифер Лопез, Шакира нарын хамтарсан үзүүлбэр дэлхий нийтийн цөсийг хөөргөв. Тэд ердөө 14-хөн минутад дуу бүжиг, амьд хөгжмийн хосолсон цогц шоуг үзүүлж чадсан юм. Товчхондоо шоу гэж чухам юу болохыг харуулав. Тэд зөвхөн дуулж бүжиглэхээс гадна лазер гэрлийн шоуны гайхамшгийг үзүүллээ. “Супер боул” гэдэг нь АНУ төдийгүй дэлхий дахинаа үзэгчдийнхээ тоогоор тэргүүлдэг асар том тэмцээн аж. Энэ ч утгаараа тэдний үзүүлбэр дэлхий нийтийг шуугиулж, хөлбөмбөгийн тоглолтоос илүү үзэгчдийг хөөргөж чадсан гэхэд болно.
Өдгөө нэг нь 40 гарч, нөгөө 50 нас хүрсэн ахимаг насны эмэгтэйчүүд тайзнаа яг л арван наймт шиг бүжих нь олны биширлийг төрүүлсэн хэрэг. Нарийхан бэлхүүс, ялдам залуухан төрх, долгиотсон урт ус, асаж дүрэлзсэн харц. Ямар ч хүний цөсийг хөөргөхгүй байхын аргагүй их эрч хүч, дүүлэн нисэх мэт бүжгийн уран хөдөлгөөн. Хурд, гоо үзэсгэлэн. Урлагт хүн төрөлхтөнийг ховсдон татах ид шидийн чанар байдаг бол Шакира ба Женнифер Лопезийн хослол түүнийг тайзан дээр цогцоор нь үзүүлж, мэдрүүлж, бас ховсдож чадлаа. Урлагийн түүхэнд тодоор тэмдэглэгдэх үзүүлбэрийг хэдхэн минутын дотор алдарт дуучид бүтээв.
43 настай Шакирагийн эрч хүч, гоо үзэсгэлэн үзэгчдийг хөлбөмбөгийн тоглолтоос ч илүү хөөргөсөн гэхэд хэтийдэхгүй. Тэр зөвхөн дуулж бүжиглэсэнгүй. Үзэсгэлэнт латин америк бүсгүй гитар хоёрын хослол шунан дурлахгүй байхын аргагүй төгс нийлэмж байлаа. Амьд хөгжмийн нүргэлсэн тайз, эрч хүч, хүсэл тэмүүлэл оргилсон ув улаан өнгө, тасралтгүй дуулж бүжин, дүүлэн нисэж буй гоо бүсгүй. Барагдашгүй гэмээр эрч хүч. Үүнийг харсан, мэдэрсэн хэн ч хөөрөхгүй байхын аргагүй юм. Түүнийг тайзнаа ийн “асаж” байхад биширч хөөрсөн олны уухайлан түрэх дуу, даган бүжих давалгаа мэт хөдөлгөөн тасарсангүй. Араб, Испани, Латин аялгууг тоглолтдоо оруулсан нь гал ассан шоуны нэгэн чамин шигтгээ байв. Тойрог гал дундах бэлхүүсний бүжиг, бөмбөр дэлдэж буй Шакира гайхалтай сюрприз байж чадлаа.
Харин өдгөө 50 настай Женнифер Шакирагаас дутахааргүй дуулж, бүжиглэж байгааг харсан хүн бүр алмайрсан гэхэд буруудахгүй. Тэд хамтран ердөө 12 минутын дотор 20 дуу дуулж чадсаныг үзсэн хүмүүс “бут авлаа” гэхээс өөр хэлэх үггүй болсон гэхэд болно. Эхний зургаан минутад Шакира гитар тоглох, бөмбөр цохих гэх мэт өөрийн нууцлагдмал авьяасыг гаргасан бол Женнифер Лопезийн агаар дээрх акробат, хип хоп R&B хосолсон үзүүлбэр, бүжгийн уран хөдөлгөөн ч түүнийхтэй эн тэнцүү гайхам шоу байж чадсан юм. Түүний үзүүлбэр бүхэлдээ эрэмгий дайчин шинжийг хадгалснаас гадна бүсгүй хүний гоо үзэсгэлэнг тодорхойлсон уран налархай хөдөлгөөн, тачаангуй донж маягийг хослуулсан байв. Тайзнаа мөн л нисэх мэт бүжиглэж буй түүнийг хэн ч 50 хүрсэн ахимаг насны эмэгтэй гэж харахгүй. Нэгэн үе цоргих мэт дүрэлзсэн хурц харц нь нэгэн үе талимааран зөөлөрч, бүхнийг ховсдох мэт мэдрэмж түүний үзүүлэх шоунаас тасрахгүй. Тайзыг эзэгнэх л гэж төрсөн мэт дүрэлзэнэ. Ховсдоно.
Харин тэдний тайзнаа хослон бүжиж, хоршин дуулж буй үзүүлбэр ёстой л “ниргэв”. Шакира ба Женниферийн хослол. Урлаг гэдэг хүнийг хормын зуурт ховсдон татах увидастай байдаг юмсанж. Сууж байсан нь босмоор, босоо байсан нь гүймээр, гүйж явсан нь үсэрмээр. Сэтгэл мэдрэмжээ сулд нь тавиад дэвэрмээр. Тийм гэж оноож хэлэхийн аргагүй их эрч хүч, сэтгэл хөөрлийг тэдний хослол мэдрүүлдэг. Асаж дүрэлзсэн арван дөрвөн минут. Тэд тайзнаа яг л ингэж дүүлэн нисэж, дүрэлзэж байхаар төрсөн мэт. Бишрүүлж, хөөргөж, булиглуулж байхаар заяасан мэт. Мөнхийн залуу, мөнхийн гоо, мөнхийн эрч хүч...Дахин нэг сонсмоор. Дахиад нэг л хөөрмөөр...