ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Л.Амармөрөн: Сар шинээр иргэдийг дроноор хянахгүй

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-02-19

Хоёрдугаар сарын 15-ны өдөр хуралдсан  Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар  Хотын захирагч албаныханд үүрэг чиглэл өгсөн билээ. Энэ хүрээнд  ахмад  настнуудыг  дайчлан  сар шинээр ажиллуулах гэж байгаа мэт ойлголт төрүүлсэн юм. Харин энэ бол ташаа мэдээлэл гэдгийг Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар хэллээ. Энэ үеэр цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөнгөөс зарим зүйлийг тодрууллаа.

-Цагдаагийн бай­гуул­ла­гаас дрон нисгэж иргэдийг хянана  гэх  мэдээлэл бай­на. Энэ талаар мэдээлэл өгөөч? 

-Цагдаагийн байгууллагаас дроныг  хэд хэдэн чиглэлээр  ашигладаг. Тухайлбал,  гэр хороололд хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор өндөрлөг  цэгүүдээр  нисгэж ашигладаг.  Цахим орчинд цацагдсан  мэдээлэл үндэслэлгүй,  худлаа гэдгийг ард иргэдэд хэлмээр байна. Тэр тусмаа сар шинийн  баярын  өдрүүдэд дрон нисгэж золголт хийж байгаа эсэхийг хянана гэсэн мэдээлэл огт үндэслэлгүй.  Харин  хулгайн  гэмт хэрэг  гарч болзошгүй айл  өрх,  эмзэг газруудад нисгэж байгаа.  

-Нийслэлийн Засаг дар­гын захирамжаар гу­дамж, талбайд нус, шүлс хаясан тохиолдолд хариуцлага тооцно гэж байсан. Одоогоор хэчнээн иргэнд арга хэмжээ авсан  бэ?

-Нийслэлийн Засаг даргын 168 тоот захирамжийн хэрэгжилтэд цагдаагийн байгууллага хяналт тавьж ажиллана. Захирамж гарснаас хойш өнөөдрийн /өчигдөр/ байдлаар 1821 зөрчил илэрсэн. Зөрчлийн тухай хуулийн  5.1-ийн нэгдүгээр зүйлд Олон нийтийн газар,  гудамж талбайд  бие  зассан,  нус цэр,  шүлс,  хог  хаягдлаа ил задгай хаясан бол 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний төлбөрөөр торгоно хэмээн заасан байдаг. Тиймээс цагдаагийн  байгууллага дээрх зүйл, заалтын дагуу хяналт тавьж ажиллаж байгаа. 1821 зөрчлийг дотор нь Зөрчлийн тухай хуулийн шинжээр нь авч үзэхэд, хог хаягдлаа замбараагүй хаях, тэр дундаа тамхины иш хаях тохиолдол их байсан. Мөн нус цэрээ гудамж талбайд хаясан 85 тохиолдлыг бүртгэсэн. Уг  зөрчлүүдийг  цагдаагийн байгууллага хяналтын камераар илрүүлдэг. Мөн дүүр­гийн  цагдаагийн  хэлт­сийн­хэн хяналт тавьж ажиллах юм. 

-Нус цэрээ хаясан хүмүүсийг зөвхөн хяналтын камераар баримтжуулж байгаа юу?

-Энэ зөрчлийг НЦГ болон  дүүргийн цагдаагийн хэлтсийн пэйж хуудсаар  зөрчлийг  илгээх боломжтой. Зөрчил илэрсэн тохиолдолд хөдөлгөөнт эргүүлийн болон явган эргүүлээр ажиллаж буй алба хаагчдыг шуурхай ажиллуулж зөрчлийг таслан зогсоох, хариуцлага тооцох чиглэл өгсөн. 

-Сар шинийн баярын үеэр хулгайн гэмт хэрэг нэмэгддэг  шүү дээ. Энэ жил иргэдийн  хөл,  хөдөлгөөн  харьцангуй бага байгаатай холбоотой гэмт хэргийн  гаралт  буурах хандлага байна уу? 

-Сар шинийн  баяр болох гэж байгаатай холбогдуулан хулгайлах гэмт хэргийн гаралт өнгөрсөн онд 403 хэрэг бүртгэгдэж байсан. Харин  энэ оны хоёрдугаар сарын 1-нээс хойш  өнөөдрийг  хүртэл  219 хулгайлах гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Энэ нь олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахгүй байгаа учраас тодорхой хэмжээгээр буурсан гэж бид  үзэж байна. 

-Ямар төрлийн зөрчлүүд ихэвчлэн гарч байгаа вэ. Иргэдэд  анхааруулга, мэдээлэл өгөөч?

-Хулгайлах гэмт хэрэгт ихэвч­лэн  автомашин, түү­ний эд  ангийг хулгайлах тохиол­дол багагүй бүртгэгдлээ. Өнгөрсөн сард 13 автомашин гэр болон байрныхаа гаднаас алдсан бол  хоёрдугаар сарын 1-нээс хойш 14 удаа  машин хулгайлах гэмт хэрэг гарлаа. Тухайлбал, хашаан дотроо халаах гээд  асаагаад  орхисон  автомашиныг нь хулгайлсан байсан.  Тиймээс иргэд хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлж, дор бүрнээ анхаарч, хяналтын камертай газар эд зүйлсээ байршуулах шаардлагатай байна. 

-Нийслэлийн Засаг даргын  захирамж гарчихаад байхад  шөнийн цагт нууцаар цахим тоглоомын  газар ажиллаж байгаа талаар иргэд гомдоллож байгаа? 

-Нийслэлийн Засаг даргын захирамжаар олон нийтийн  арга хэмжээ болон бар, цэнгээний газрын  үйл ажиллагааг 00:00 цагаас хойш зогсоох шийдвэр гарсан. Мөн цахим тоглоомын  газар болон  хүүхдийн тоглоомын  газрыг ажиллуулахгүй байгаа. Энэ захирамжийн хяналтад  ч цагдаагийн байгууллагаас хяналт тавьж ажиллана. Одоогийн байдлаар 11375 аж ахуйн нэгжийг шалгаснаас 82 зөрчил илэрлээ. 82 зөрчлийн 52 тохиолдол нь бар, цэнгээний газрууд цаг хэтрүүлж ажилласан.  Цахим тоглоомын  газрууд нууцаар ажилласан зөрчил илэрсэн. Мөн зарим хүнсний дэлгүүрүүд 00:00 цагаас хойш архи, согтууруулах  ундаа зарсан  асуудал гарсан. Тиймээс аж ахуйн нэгж, байгууллагууд  дүрэм, журмаа мөрдөж ажиллахыг  онцгойлон анхааруулж байна. Шаардлагатай бол  захирамж зөрчсөн аж ахуйн нэгжийн нэрийг зарлана.