ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Хотын фракцийн хоточ банхар”

А.ОДСҮРЭН
2020-02-21

Монгол Улс 14357 Бат-Эрдэнэтэй. Тэрний нэг нь хуурамч Бат-Эрдэнэ. Тэр нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын харьяат Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ. Түүний жинхэнэ нэр нь Д.Батмөнх. Даргын одонд төрсөн нэг тийм хүн Чингэлтэйд бараг мөнхөрлөө. Хөдөөний залуу хотод шилжиж ирэхдээ нэрээ өөрчилж, ахынхаа нэрээр нийслэл хүрээнд шингэсэн гэдэг. Харин ямар учраас, яагаад гэдгийг нь хэн ч мэдэхгүй.

Нэр нь хүндэдсэн үү, үйлдэл нь буруудсан уу, бүү мэд. Д.Бат-Эрдэнэ анхнаасаа Ардын намын хүн байсан. Ар тал сайтай тулдаа дандаа дарга хийж явсан гэх. Нийслэлийн авто замын газрын даргаар 2006-2010 онд ажиллаж байсан, 2012 оноос Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байгаа.

МАН-ын Бага хурлын гишүүн. Т.Бадамжунайн фракцийн, бүр тодруулбал, 60 тэрбумынхны найдвартай ар тал нь болсоор яваа нэгэн. Сүхээр цохисон ч үхдэггүй гэдэг шиг ямар ч хэргээр шалгаж байцаагаад юу ч олж долоодоггүй хуулийнхны дээр 60 тэрбумынхан байсаар байгаагийн тод жишээ гэж хэлэх хүн ч бий. Өнөөдөр Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнийг огцруулахаар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь хоёр хуваагдчихаад хэрүүл хийж сууна.

Яг УИХ дотроо, МАН-ын бүлэг дотроо 32-ын бүлэг, 33-ын бүлэг гэж хуваагдсан шиг.  Мань Д.Бат-Эрдэнэ хөдлөх ч үгүй суусаар. Дүүргийнхээ Засаг дарга руу шидсэн чулуу өөрийнх нь толгой дээр унаад ирж байгаа нь тэр.  Эцэг эхээс заяасан нэрээ ч хуурамч болгож, Их дээд сургууль төгссөн дипломоо ч хуурамчаар бүрдүүлсэн энэ “гозгор хар нөхөр” Чингэлтэй дүүргийг сүүлийн хэдэн жил базсан, одоо ч бууж өгөхгүй үзэлцсээр. 

Д.Бат-Эрдэнийг 1990-2004, онд “Эрдэнэсуварга” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байх үед нь нягтлан бодогчоор нь ажиллаж байсан Э гэгч 2008 онд УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан Д.Очирбат, Нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаяр, Нийслэлийн авто замын газрын дарга асан Д.Бат-Эрдэнэ, Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Д.Ганболд нарын авлигын сүлжээний талаар болон тэдний авилгын мөнгийг өгч авалцахад нь “зөөгч” хийдэг байсан тухайгаа дэлгэж хууль хяналтын байгууллагад өгч байсан.

Тэр үеийн “шалгалт шүүлэг”-ийн үеэр Д.Бат-Эрдэнийг угтаа Д.Батмөнх гэдэг нэртэй юм байна гэдгийг Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийнхэн тогтоосон байдаг.  Ургийн овгоо хүртэл өөрчилж чадсан хүнд төрсөн ахынхаа нэрийг хулгайлах ч энүүхэнд байлгүй яав гэж.

Төрийн эрхийг барьж байсан Ж.Батмөнх гуайн ид үед төрсөн юм болохоор аав ээж нь тийм нэр өгсөн биз. Харин нийслэл хүрээнд суурьшихаар ирэх үед нь Батмөнх нэр соц үеийн даргыг санагдуулах учир улсад завсаргүй 11 түрүүлээд байсан Бат-Эрдэнэ аваргын нэр хачин гоё санагдсан ч юм бил үү, хэн мэдлээ. Юутай ч Батмөнх Бат-Эрдэнэ болсон нь үнэн.

Хуучин хүү шинэ хүү болов. М.Энхболдыг занхгар явсан үед Нийслэлийн авто замын газрын дарга байгаад тэндээсээ хусагдаж Нийслэлийн зам засвар арчлалт компанийн дарга болж “бууснаас” хойш Чингэлтэй дүүргийн Ардын намд хоточ банхар нь болж ИТХ-ын даргаар нь найм дахь жилдээ сууж байгаа нь үнэн юмдаг.