Таван тивийн 60 улсыг айдаст автуулсан коронавирусийн эсрэг хүн бүхэн дор бүрнээ хичээж байгаа. Уламжлалт баяр ёслолоо ч хойш тавьж, гэр гэртээ өөрсдийгөө карентилав. Ард иргэдийнхээ төлөө 6000 албан хаагч, өдөр бүхэн ээлжээр ажиллаж, айдас дагуулсан өвчнийг эх орондоо оруулахгүйн тулд тэмцэж байх юм. Иргэдийн эрүүл мэндийн төлөө 24 цагаар жижүүрлэн ажиллаж байгаа эмнэлгийн ажилтнуудад эгэл жирийн малчнаас эхлээд урлаг, спортынхон хүртэл чадах зүйлээрээ тусламж дэмжлэг өгч байх ажээ.
Тэтгэврийн хоёр буурал хүртэл цагаан сар тэмдэглэхгүй хэмнэсэн мөнгөө эмч, эмнэлгийн ажилтнуудын төлөө хандив болгож өгчихөөд гарч байна. Гэхдээ л “нүдээ ширгэтэл хүлээнэ” гэдэг шиг эх оронч хэмээн цээжээ дэлддэг эрхэм улстөрчдийгөө бид харуулдсаар л байх юм. Төрийн тэргүүн нь хүртэл мөнхийн хөршийндөө айлчилж, очоод халуун хошуут малаараа бэлэг өгчихөөд ирлээ.
Тэгэхээр улстөрчид маань хэзээ эх орондоо хайртайгаа харуулах бол хэмээн битүүхэн хүлээсээр л. Хамгийн их хурал тасалсан Б.Наранхүү гишүүн чуулганд суугаагүй өдрийнхөө тоогоор хонь бэлэглэсэн гэх сураг дуулдав. Б.Бат-Эрдэнэ аварга харин хятадуудад бэлэг өгсөн гэж хэлэгдэхгүйн тулд Улсын онцгой комисст өглөө шүү хэмээн ил тод зарлаж байгаад 200 хонь өгсөн сурагтай. Эх оронч гэдгээ үүгээр нотлон харуулж байгаа гэнэ лээ.
Гэтэл бусад гишүүд, сайд дарга нараас бүр сураг ч байдаггүй шүү. Чуулган амарчихсан хойно хөдөө очоод хөл хорионд орчихов уу гэж ч санаа тавьж, сураг ажиг тавьж үзлээ. Гэтэл үгүй бололтой. Зарим нь чаргаар гулгаж, нэг эмэгтэй нь цай чанаж, нөгөө нь цээж нүцгэлэн гүйж явааг дуулахаар хийх юмгүй уйдаж, хэсэх, тэнэх нь хүртэл чөлөөтэй ч юм шиг.
Улсаас авсан тэр их мөнгөнөөсөө ганц хундан цагаан хонь, үгүй ядахдаа 100 маск ч болтугай авч өгөөгүй таг чиг байгааг нь бодохоор хөл хорионд орчихсон ч юм шиг. Ийнхүү санаашран бодож суух нь ээ, манай улстөрчдийн зөв ч юм шиг. Хүн чинь зовж олсноо бусадтай хуваалцах туйлын дургүй амьтан. Зовж олсон мөнгө тосон мөртэй гэх үг ч хүртэл байдаг даа. Тэгэхээр ард түмнийхээ боломжоос хумсалж авсан мөнгө нь тэр хүнд ямар үнэ цэнээр ирсэн нь тодорхой шүү дээ. ЖДҮХС-гаас мөнгө хулгайлахын тулд нууцлах гэж чамгүй зовсон.
Авсан нь илчлэгдсэний дараа элдвээр доромжлуулсан, нүд үзүүрлэгдсэн. Хэвлэл мэдээллээр бичүүлж, хуулийн байгууллагын үүд сахиж, бүр ажлаасаа хүртэл халагдах шахсан. Одоо нэр дэвших эсэх нь ч тодорхойгүй байна. Ийм айхтар үнэ цэнээр олдсон хэдэн төгрөгийг бусадтай хуваалцаж, бүр хятадуудад хонь болгож өгнө гэхээр манай улстөрчдийн санаанд ч буухгүй байгаа. Яаж зовж олсон мөнгө билээ хэмээн хадгаламжиндаа хав дарж, эс бөгөөс ББСБ-аар дамжуулан хүүлж, ашгаа олох л чухал. Тэгээд ч тэр муу корона манай улстөрчдөд халдахгүй. Өвчин ороод ирвэл өвчин гараагүй улс орон руу үр хүүхэд, хань ижлээ дагуулаад л тэр мөнгөөрөө зугтчих учраас нийтийн төлөөх сайн үйлсэд зарцуулах илүү гарсан мөнгө угаасаа байхгүй, тэдэнд.