БНХАУ-ын Ухань хотоос анх бүртгэгдсэн гэх covid-19 буюу коронавирусийн тархалт улам бүр хүрээгээ тэлсээр байна. ДЭМБ-аас анх зарласнаас хойш өдгөө энэ өвчин дэлхийн 77 улс оронд тархжээ. Өчигдөр 60 гаруй улс орон байсан бол өнөөдөр 10 орчим улс шинээр нэмж тохиолдол бүртгэгдсэн аж.
ДЭМБ анх мэдээлснээс хойш 63 хоног өнгөрөхөд дэлхийн 77 улс оронд нийт 90,433 тохиолдол бүртгэгджээ. Эдгээрээс 48.1 өвчтөн эдгэрч, одоогоор 41.7 мянган эмчлүүлж байгаа аж. Өчигдрийн байдлаар нийтдээ 1842 шинэ тохиолдол нэмэгдсэнээс хамгийн их нь Өмнөд Солонгост бүртгэгдсэн аж. Тус улсад 599 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол Иранд 523, Италид 335, Хятадад 125, Францад 61, Испанид 36, Германд 35 шинэ тохиолдол бүртгэгджээ.
77 улс оронд шинээр халдвар авсан 10.282 тохиолдол бүртгэгдэж, үүнээс 894 хүн эдгэрчээ. Нийт нас барсан тохиолдол 3119-д хүрснээс Хятадад 2944 хүн, бусад улсуудад 175 хүн нас баржээ. Эрүүл мэндийн үйлчилгээ сул хөгжсөн гэх Энэтхэг улсад өчигдөр шинэ тохиолдол бүртгэгдсэн бол Ойрхи Дорнодын Йордан, Саудын Араб болон Африкийн Тунис, Сенегал, Европт Латви, Андорра зэрэг улсад халдварын анхны тохиолдол бүртгэгджээ.
Мөн Армeни, Чeх, Доминикан, Люксeмбург, Исланд зэрэг улсуудад өчигдөр шинээр бүртгэгдсэн байна. Харин АНУ-д Вашингтон муж улсад коронавирусийн улмаас улмаас нэг хүн өчигдөр нас барж, тус улсад энэ өвчнөөр амиа алдсан хүний тоо зургаад хүрчээ.