ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

О.Ариунтуяа: БНХАУ-д коронавирусийн тархалт аажмаар саарч байна

Д.ЖАМЪЯНДАГВА (сэтгүүлч)
2020-03-04

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн тархалтын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг өглөө. Энэ үеэр ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяагаас дэлхий дахинд болон манай улсад халдварын тархалт ямар байгаа талаар тодруулаа.

-Дэлхий дахинд коронавирусийн тархалт ямар хэмжээнд байна вэ?
-ДЭМБ-аас  өгсөн мэдээллийн дагуу  сүүлийн 24 цагийн дотор 64 улсад 1804 шинэ тохиолдол бүртгэгдэж  нийт  халдвар авсан хүний тоо 88948 хүрсэн бол  нас баралт 66 хүнээр нэмэгдэж   нийт нас барагсдын тоо 3043 болсон. Итали, Герман, Франц улсуудад халдварын тоо нэмэгдэж, халдварын голомт  болж буй хотуудад сургуулийн үйл ажиллагааг зогсоосон байна. Мөн  Энэтхэг улсад лабораторийн шинжилгээгээр батлагдсан халдвартай хүний тоо тав болж, Армен, Люксенбург, Доминикан, Исланд, Индонез гэсэн улсуудад сүүлийн 24 цагт шинээр халдвар бүртгэгдлээ. Сүүлийн үеийн хэвлэлийн мэдээгээр Саудын араб, Португали, Иордан, Тунис, Сенегал гэх улсуудад мөн халдвар илэрсэн гэх  мэдээ бий. ДЭМБ-аас уг вирусийг  цар тахал гэж одоогоор үзээгүй. Солонгос, Иран, Итали, Япон гэсэн дөрвөн орон одоо хамгийн их анхаарал татлаа. Халдвар авсан иргэдийн  тоо Иранд 66, Италид 52 БНАСУ-д  4812 болжээ. Нийт тохиолдлын 90 хувь нь БНХАУ-ын нэг мужид бүртгэгдсэн бол бусад улсад бүртгэгдсэн тохиолдлын 81 хувь нь эдгээр дөрвөн улсад голомтлон гарч  байна. Одоогоор 38 улсад  10-аас доош тохиолдолтой. 19 улс нэг тохиолдолтой 130 улсад халдвар илрээгүй байгаа.

-БНХАУ-ын хувьд корона­вирусийн тархалт бүрэн намжсан гэх мэдээлэл байна?
-БНХАУ-д  коронавирусийн тархалт аажмаар саарч, өнгөрөгч өдрүүдэд 25 бүс нутагт нь халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй гэсэн таатай мэдээлэл байна. Өнгөрсөн 24 цагийн дотор халдвар авсан иргэдийн тоо  206-гаар нэмэгдсэн нь нэгдүгээр сарын 22-ноос хойш хамгийн бага нэмэгдсэн үзүүлэлт болж байна. ДЭМБ-ын 25 хүнтэй олон улсын баг БНХАУ-д ажилласан тайландаа “БНХАУ тархалтыг хязгаарлан таслан зогсоохын тулд халдварт өвчний түүхэнд байгаагүй том цар хүрээтэй арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Доод тал нь таван хүний бүрэлдэхүүнтэй 1800 баг ажиллаж сүүлийн үеийн шинжлэх ухааны дэвшлийг ашиглан өдөрт хэдэн арван мянган хавьтлын судалгааг хийж, эрсдэлтэй бүлгийн иргэдээ хамгаалахад эв нэгдэлтэй ажиллаж,  хувь хүмүүсийн төвшинд ч гэрийн хорио цээрийн хатуу дэглэмийг сайн дагаж мөрдөж байсан” гэж онцлоод байгаа.

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ямар арга хэмжээнүүдийг авч байна вэ?
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас улс орнуудад гурван “си” буюу гурван сценарын дагуу арга хэмжээ авч ажиллахыг зөвлөж байна. Нэгдүгээрт анхны тохиолдол илрэх үе, анхны голомт эхлэх үе, тогтвортой тархах үе гэсэн гурван үед авч үзэхийг зөвлөөд байгаа. Бусад халдварт өвчинтэй харьцуулахад  коронавирус маш хурдан тархаж байгаа ч зөв арга хэмжээг эрт авах юм бол хязгаарлах боломжтойг сануулж байна. Эрт илрүүлэх, идэвхтэй тандалт явуулах хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг арга хэмжээнүүдийг авахыг зөвлөж байгаа.

-Турк-Москва–Улаан­баатар чиглэлээр ир­сэн иргэдийг тусгаар­ласан. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Халдвар гарсан улсуудаас ирж байгаа иргэдэд сүүлийн 14 хоногийн хугацаанд өвчний шинж тэмдэг илэрсэн бол сэжигтэй тохиолдол гэж үзэн тусгаарлах бөгөөд шинж тэмдэг илрээгүй бол тусгайлан бэлдсэн байранд ажиглалтад авч байгаа. БНСУ болон Япон улсаас Монгол руу явах гэж байгаа иргэдэд нисэх онгоцны буудалд түргэвчилсэн оношилгоо хийж өгөөч ээ гэсэн хүсэлт тавьсан. Хариу хүлээж байгаа. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 435 иргэн ажиглалтад байна. Турк-Москва Улаан­баатар чиглэлийн онгоцоор 111 зорчигч ирсэн. Эдгээр хүмүү­сээс 16 хүнийг тусгаарлалтад авсан. Турк-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 232 зорчигч буусан. Үзлэг, хяналт шинжилгээ үргэлжилж байна. Урьдчилсан байд­лаар долоон хүнийг ажиг­лах, тусгаарлалтад авахаар болоод байна. Мөн Эрхүү - Сүхбаатар чиглэлийн галт тэргээр ирсэн 21 хүнд ажиглалт хийж байна.

-Хөл хорионы үеэр бусад халдварт өвчнүүд буурч байна гэсэн мэдээлэл бай­гаа. Хэдэн хувиар буурсан вэ?
-Ард иргэд, аж ахуйн нэгжүүд төр засагтайгаа хамтран нэг зүгт харж чадвал халдварт өвчний тархалтаас хамгаалж, бууруулж чаддаг гэдгийг ойрын үед харж байна. Коронавирусийн халдварын хөл хорио тогтоосон өдрүүдэд сүрьеэгийн өвчлөл 69 тохиолдлоор, цусан суулга 1.9 хувиар буурсан байна. Гараа зөв угааж, амны хаалт зүүж, ил задгай нус, цэрээ хаяхгүй байгаагийн  эерэг үр дүнгүүдийн нэг нь энэ болж байна.