ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хоёр ертөнцийг холбогч

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-03-04

Эрүүл мэндийн манаанд  бат зогсож,  хүн  ардаа аюулт өвчнөөс  урьдчилан сэргийлэх үүргийг  хүлээж буй Эрүүл  мэндийн яамны ард  олон арван  эмч,  мэргэжилтнүүд  өдөр  шөнөгүй хүчин  зүтгэж байна. Салбар яам нь бодлогоо боловсруулж,  хэрэгжүүлэх,  ажил  хэрэг болгоход хэн хүний хүчин зүтгэл  хамгаас их.  Тэдний нэг  нь өдөр бүр  цэнхэр дэлгэцээр үзэгчидтэй уулздаг,  дохионы хэлний хэлмэрч, орчуулагч С.Бямбадэлгэр юм. Сонсголын  бэрхшээлтэй 10 гаруй мянган хүнд  бусадтай л адил коронавирусээс урьдчилан  сэргийлэх мэдээллийг цаг тутам хүргэснээр тийнхүү олны танил болжээ. Дохионы хэлээр  ярихад  гар их  хөдөлдөгч түүндээ хэзээ ч түүртдэггүй, ядардаггүй,  цуцдаггүй аж. Тиймдээ ч Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулсан гамшгаас сэргийлэх үйл ажиллагаанд зургаан цагийн турш хэлмэрч хийжээ.  

Сонирхуулахад, тэрбээр  сонсголын  бэрхшээлтэй иргэдэд хэлмэрч хийдэг Монголын цөөхөн  хүний  нэг. Энэ төрлийн мэргэжлээр мэргэжилтэн  бэлтгэдэг Их,  дээд  сургууль байхгүй ч өөрийнхөө хичээл зүтгэлээр дохионы  хэл сурснаар 25 жилийн  турш энэхүү  онцгой,  содон хэлээр хорвоогийн сайн  муу, бүдэг,  бадаг бүхнийг дүрсэлж буй юм. Ёстой л  хоёр ертөнцийг холбогч гэсэн тодорхойлолт яг тохирно.   Түүний хувьд 1996 оноос хойш  МҮОНТВ-ийн “Цагийн хүрд” нэвт­рүүлгийн хэлмэрчээр ажиллаж байгаад 1998-2004 он хүртэл “Eagle” телевизийн долоо хоногийн тойм нэвтрүүлгийн орчуулагчаар ажиллаж байжээ. Харин 2010 оноос эргээд “Цагийн хүрд” нэвтрүүлгийн дохионы хэлний орчуулагчаар тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд эзэмшсэн мэргэжилдээ,  тууштай энгийн нэгэн эмэгтэй. Ажлынхаа хажуугаар  Хөгжлийн  бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дэргэдэх Сэргээн засах сургалт, үйлдвэрлэлийн  төвийн мэргэжлийн ур чадвар олгох сургуулийн дохионы хэлний багшаар ажиллаж байгаа гэнэ лээ. Байцаан шийтгэх үйл ажиллагаанд дохионы хэлний хэлмэрчээр 2000 оноос хойш ажиллахын тулд. Их засаг их сургуулийг 2013 онд Эрх зүйч мэргэжлээр төгсчээ.

Түүний ачаар сонсголын  бэрхшээлтэй иргэд маск зүүх, гараа тогтмол угаах, олон нийтийн газраар шаардлагагүй бол явахгүй байх гэх мэт олон мэдээллийг бусдын адил авч, дадал хэвшил болгожээ. Сонсголын  бэрхшээлтэй иргэдийн төлөө гэсэн  хоёргүй сэтгэл  нь  олон хүнд хүрч, хоёр ертөнцийг холбох гүүр  байх болтугай.