-“Remax” ХХК-ийн 16 иргэн олон улсын хуралд оролцсон гэдгээ нууцалжээ-
Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ДЭМБ-ын энэ сарын 7-ны мэдээгээр “COVID-19” 101'927 тохиолдол бүртгэгдсэн. 24 цагийн дотор дэлхийн хэмжээнд 106 хүн амиа алдаж, нийт иргэдийн тоо 3486 болсон. БНХАУ-д шинээр 102 тохиолдол бүртгэгдэж, 28 хүн нас барсан нь дэгдэлт тууштай буурч байгааг харуулж байна гэлээ.
Д.Нарангэрэл: Манай улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл өндөр байна
/ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга/
-“COVID-19” халдвар сүүлийн 24 цагийн дотор дэлхийн 99 орныг хамарч, дөрвөн улсад шинээр бүртгэгдсэн. Одоогоор БНСУ, Япон, Иран, Итали болон Испани, Франц, АНУ-д өвчлөл нэлээд эрчтэй тархаж, голомтлох байдлаар тарж байна. Өвчин гарч эхэлснээс хойш Эрүүл мэндийн яамнаас гаднын улс оронд зорчихгүй байх зөвлөгөөг өгсөөр байгаа билээ. Харамсалтай манай иргэд өвчлөл гарсан улсад зорчиж байнга хүндрэл учрууж байна. Сануулсан ч гадны улс зорчсоор байна. Мөн өнөөдөр Франц улсаас ОХУ-аар дамжиж гадаад иргэн Монгол Улсад ирсэн тохиолдол байна. COVID- 19 халдвар гаднаас зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл өндөр байна.
А.Амбасэлмаа: “Remax” ХХК-ийн 16 иргэн олон улсын оролцсон гэдгээ нууцалжээ
/ ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга/
-Дэлхийн үл хөдлөх хөрөнгийн форум АНУ-ын Лас Вегас хотод болж дэлхийн 60 гаруй орны 6000 гаруй хүн оролцсон. Энэ форумд Монгол улсаас “Remax” ХХК-ийн 24 хүн өнгөрөгч хоёрдугаар сарын 23-28 хооронд оролцсон байна. Мөн энэ сарын 3-5 хооронд тус хүмүүс буцаж ирсэн. Энэ сарын 5-нд ирсэн таван хүнийг тусгаарлаж байсан. Тусгаарлалтад байхдаа олон улсын форумд оролцсон гэдгээ хэлээгүй. Өчигдөр ирсэн 13 хүнтэй нийлээд нийт 16 хүнийг ХӨСҮТ-д ажиглалтад авлаа. Үлдсэн найм нь одоогоор ирээгүй. Манай хүмүүстэй хамт хуралд оролцсон Канад улсын иргэнээс коронавирус илэрсэн. Тухайн улсаас үүргээ ухамсарлаж хуралд оролцсон хүмүүсийг анхаарна уу гэж мэдээлсэн. Одоогоор ирсэн 16 хүнийг ажиглаж байгаа. Маргааш буюу ирэх даваа гарагт найман хүнийг мөн тусгаарлана.