ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Премьер лигийг шүүмжилцгээе

А.ОДСҮРЭН
2020-03-10

Английн премьер лигийн тоглолт ид үргэлжилж байна. Челси Эвертоныг 4:0-ээр хожиж, шинэхэн, залуухан хөлбөмбөгчид нь фанатуудаа баярлууллаа. Дэлхийн хөлбөмбөгийн холбооныхон коронавирусийн халдвар дэлхий нийтэд тархаж байгаатай холбогдуулан тоглолт эхлэхээс өмнө тамирчдыг хооронд нь гар бариулахгүй тоглуулахаар шийдвэр гаргасан юм байна.

Гэсэн мөртлөө 40, 50 мянган хүний багтаамжтай цэнгэлдэх хүрээлэнд нь масктай хүн байхгүй, хөгжөөн дэмжигчид дүүрэн талбайд тэмцээнээ зохион байгуулсаар. Тэнд халдвартай хүн байхгүй, халдвар тархахгүй гэх баталгаа үгүй. Арай дэндүү хэнэггүйтээд байгаа англичуудыг монголчуудаараа нийлж нэг зад шүүмжлэх юмсан.

Соошлоор хоёр хоног гөвөхөд  л хөлбөмбөг, сагсан бөмбөг мэтийн олон хүнийг нэг дор цуглуулдаг спортын тэмцээн уралдаанууд цуцлагдана л даа. Английн Ерөнхий сайдыг, Дэлхийн хөлбөмбөгийн холбооны удирдлагуудыг, багуудын дасгалжуулагчидтай нь хамт шүүмжлэх аян өрнүүлж болох юм. Бидэнд мэдэхгүй сэдэв, чадахгүй юм гэж байх биш. Дор нь л гөвөөд хаячихна. Хорио цээрийн дэглэмд орчихсон завтай байгааг ч хэлэх үү.

Монгол Улс коронагүй хэдхэн орны тоонд багтаад байгаагийн учир нь хорио цээрийн дэглэм гэдгийг тэд мэдээгүй л байна даа. Мэдрүүлээд өгье, бүгдээрээ.  Манай улс сургууль, цэцэрлэгүүдээ амраачихсан, хилийн хязгаар тогтоочихсон, баар цэнгээний газруудаа хаачихсан тулдаа л корона орж ирэхгүй тэсээд байгаа юм. Үүнийгээ дэлхийд сүр болгон зарлаж, рекламдвал болох юм биш үү. Ирэх хавар, зун, намар, өвлийн аялал жуулчлалаар баараггүй хэдэн юм олох нь тодорхой болчихлоо.

Монгол хүн дархлаа сайтай, мах сүүгээ оригоор нь хэрэглэдэг учраас бид халдварт өвчин тусаагүй, тусдаггүй гэхээсээ илүү Монгол орон чинь тэр чигээрээ дархлаа, тэр тусмаа төр засгийнхаа шийдвэрийг дагахдаа бусдаас илүү дуулгавартай, ямар ч хэл үггүйгээр хорио цээрийн дэглэмийг сахидаг, ёс журамтай, аялахад, амьдрахад хамгийн таатай улс гээд рекламдахад л болоод явчихна. Төрийн тэргүүнээ ч хорионд оруулчихдаг хатуу чанга сахилга баттай гээд нэмчихвэл бүр “саак”.  Монголд үйлдвэрлэж байгаа архи, спиртийн тухайд хэлэх нь илүүц. Бүх юм нь дархлаатай орон гэж дэлхий нийтэд зарлая. Иймийн учир корона биднээс айдаг.

Тиймийн учир “Монголд тавтай морил” гэе. Корона л тусчихгүй бол авилга, хээл хахууль, офшор, ЖДҮ, саарал жагсаалт юу юм. Дашрамд хэлэхэд, иргэдээ хорионд оруулж байгаад, ар хударгаар нь юу дуртайгаа хийцгээ, дарга, сайд нар аа.  Хууль журмаа хурдан гаргаж, улсын хөрөнгө, татвар төлөгчдийнхөө мөнгөнөөс хумсал, түргэл. Хурдан түргэн сонгуулиа явуулж, хорионд байгаа дээр нь амжуул. Овсгоотой бай гэж зөвлөе. 

Англичууд яах вэ, үсрэнгүй хөгжилтэй улс. Коронатай коронагүй болоод л явчихна. Цэнгэлдэх дүүрэн хөгжөөн дэмжигчдээ, тамирчдаа нэг нэгээр нь үзлэг шалгалтад оруулаад, шинжилгээ аваад зохион байгуулалтаа хийчихэж байгаа биз. Талбай дээр хаясан хэн нэгний шүлсийг спирттэй ариутгагчаар арчаад л авчихаж байгаа. Тэгээд л тэд айхгүй байгаа юм. Харин бид тэднийг бодвол сэтгэл зүрхээрээ коронагийн эсрэг нэгдэж, хэдхэн цаг, минутын дотор хэдэн зуун сая төгрөг, хэдэн мянган хонь, өч төчнөөн хандив цуглуулчихаж чадаж байна. Хандив тусламжаас маань айгаад корона нь “энэ муу монголчууд чинь биднийг орох байх газаргүй болгох юм байна” гээд дөлөөд байгаа ч юм бил үү. Бид коронагаас биш корона биднээс л айгаад байна даа.