Энэ сарын 13-ны өдрийн БНСУ-ын “Жун Ан Илбу” сонинд коронавирусийн халдвар авсан иргэд дунд Монгол Улсын хоёр иргэн байгаа гэх мэдээлэл гарсан юм. Тодруулбал, “Өвчин хяналтын төв, Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр өнөөдрийн 00 цагийн байдлаар БНСУ-д шинэ төрлийн коронавирусээр гадаадын иргэншилтэй 60 хүн халдвар авснаар бүртгэгдсэн байна. Үүнээс Хятад 38 хүн, АНУ 7 хүн, Монгол 2 хүн, Вьетнам 2 хүн, Аргентин 2 хүн, Австрали 2 хүн, Тайланд 2 хүн, Польш 1 хүн, Япон 1 хүн, Индонез 1 хүн, Узбекстан 1 хүн, Малайз 1 хүн тус байна” гэжээ. Харин Монгол Улсын Онцгой комиссоос энэ мэдээлэл албан ёсных мөн эсэхийг тодруулахад “БНСУ-д Монгол Улсын хоёр иргэн Covid-19 халдвар авсан гэх мэдээллийн талаар БНСУ-ын талаас албан ёсны мэдээллийг хүлээж байна. БНСУ-ын хэвлэлүүдээр зөрүүтэй мэдээллүүд явж байгаа тул БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас тус улсын Халдварт өвчин судлалын төвтэй холбогдсон бөгөөд тус төвөөс нарийвчилж тодорхой мэдээлэл өгөхөөр боллоо. БНСУ-д ажлын цаг дууссан тул маргааш /өнөөдөр/ өглөө ажлын цаг эхлэхэд албан ёсны мэдээлэл ирэх төлөвтэй байна” гэсэн хариулт өгсөн юм. Мөн Эрүүл мэндийн яамны хурлаар баталгаажуулж мэдээлэл хийх бололтой.