ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Нямхүү: Франц иргэний биеийн байдал тогтвортой байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-03-14

Энэ сарын 2-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр Монгол Улсад газардсан Франц улсын иргэнээс коронавирус илэрсэн билээ. Тухайн иргэнийг Баянгол зочид буудалд өөрийгөө 14 хоног тусгаарлахыг хүсч, хилээр нэвтрүүлсэн ч хөл хорих бус эсрэгээрээ гурван ресторан, Улаанбаатар хотод байрлах өөрийнхөө ажилладаг компанийн оффис, Дорноговь аймаг руу вагоноор очиж, ажилтнууддаа сургалт зохион байгуулсан нь тодорхой болоод байгаа юм. Тухайн иргэнийг одоо ХӨСҮТ-д тусгаарлан эмчилж байгаа юм.

Франц улсын талаас иргэнээ авах хүсэлт гаргасан ч тухайн өвчтөн Монголд эмчлүүлэх хүсэлт гаргасан учраас хүсэлт ёсоор түүнийг ХӨСҮТ-ийн эмч нар эмчилж байна. Тэгвэл өнгөрсөн шөнө түүний биеийн байдал тогтвортой байсан талаар тус төвийн дарга Д.Нямхүү 11.00 цагийн хэвлэлийн хурлын үеэр онцоллоо.

Тэрбээр, “Франц иргэнтэй ойрын хавьтал болсон Оюутолгойд тусгаарлагдсан долоо, Дархан аймагт тусгаарлагдсан нэг иргэний шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гэж гарсан. Өмнө хариу нь сөрөг гарсан 207 хүн дээр нэмээд нийтдээ 215 хүний шинжилгээний хариу халдваргүй гэж гарлаа. Нийтдээ 414 хүнийг тусгаарлалтад авч шинжилгээ хийсэн. Гуравдугаар сарын 12-ны өдөр мөн нэг иргэнийг тусгаарлаж, шинжилгээ авахад мөн л сөрөг гарлаа. Өнөөдөр өглөө Дорноговь аймгаас 54 хүний шинжилгээний сорьц ирсэн. Энэ нь батлагдсан тохиолдол шинж тэмдэг илэрснээс хойш халдвар дамжуулах магадлал өндөр тул хэд хоног харж байж халдвар дамжсан бол вирус өсдөг. Тиймээс 4-5 хоногийн дараа шинжилгээ хийж нягтална” гэлээ.