ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Жуулчдын л буруу

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-06-26

Саяхандаа, цахим ертөнцөд гадны хоёр жуулчин өглөө эрт ресторан нээгдэхийг хүлээгээд сууж байгаа зураг нэлээд хэлэлцүүлэг өрнүүллээ. “Монголчууд залхуу, үйлчилгээний байгууллагууд гэж авах юмгүй. Өглөө 09:00 цаг болж байхад онгойдоггүй. Ийм байхад яаж Монголд жилдээ сая жуулчин ирэх юм” гэх зэргээр эх орноо муулагсад дүүрэн байна. Манай үйлчилгээний байгууллагууд яасан юм. Хар өглөөгүүр, 09:00 цагт юу боллоо гэж ресторан, зоогийн газар онгойх билээ. Тэр жуулчдын л буруу. Монгол Улсыг сонгож ирсэн бол үйлчилгээний газар нь өглөө хэдэн цагаас онгойдог, орой хэдэд хаадаг, 24 цагийн зоогийн газар хэд байдгийг судлах хэрэгтэй биз дээ.  Ямар ч судалгаагүй ирчихээд хар өглөөгүүр, рестораны үүдэнд суугаад хүлээж байж болохгүй.  Жуулчид өглөө эрт кофе ууж, хөнгөн зууш идэх байх гээд нойроо хагаслан барин өглөө 09:00 цагт ресторанаа нээж, ажилчдаа эвшээлгэдэг тэнэг захирал ч манайд байхгүй.  

Өдөр 11:00 цагаас эхлээд эхний хоол, цай гарах ёстой бол тэр бичигдээгүй журмынхаа дагуу л ажиллана. Зун болоод, эрт нар мандаж байгаа нь ч манай үйлчилгээний газрынханд хамаагүй.  Монголд жилдээ сая жуулчин ирэх эсэх бүр ч хамаа байхгүй.  Хамгийн гол нь нойроо ханатал унтаж байгаад өглөө яарамгүй ирээд, бэлтгэлээ хангаж, үдийн цайны цагаар хэдэн таваг хоолоо зарах нь манай ресторан, зоогийн газруудын зорилго.  Тэр зорилгоо л сайн биелүүлбэл бусад нь хэнд ч хамаагүй. Ийм энгийн дүрмийг гадныхан манайд ирэхээсээ өмнө интернэтээс олоод мэдчих хэрэгтэй. Гэтэл ямар ч судалгаагүй ирчихээд, монголчуудыг цахим ертөнцөд “байлдуулаад” байх юм. Аягүй бол буцаж очоод найзууддаа “Монголын үйлчилгээний газар өдрөөс нааш онгойдоггүй юм билээ” гээд муулна даа. Өөрсдөө манай улсын нөхцөлд дасаж чадаагүй юм байж.