ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Коронагийн буянаар...

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-03-18

Бид сүүлийн саруудад хариу нь сөрөг хандлага нь эерэг байх уриан дор дуу нэгтэй нэгдэн аж төрж байна. Үүний үр дүн ч захаасаа мэдэгдэж эхлэв. Ажиглаад байхад цахим орчин дахь хүмүүсийн аливаад хандах хандлага илт эерэг болжээ. Хараасан, үзэн ядсан, шүүмжилсэн үгс илтэд багасч ихэнхдээ л “хамт, нэгдэе, хүчтэй, болно, бүтнэ, давна, гарна” гэх үгс цахим орчинд харагдаж байгааг та анзаарсан болов уу. Шатнаас унахдаа хүртэл бүтэлгүйтэж уналаа гэж бухимдах бус гайхалтай хурдан буулаа шүү гэж урамшиж байх жишээтэй. Энүүхэндээ гэхэд энэ мэтчилэн олон сайн чанарыг өнөөх корона өгчихлөө шүү, бидэнд.  Гадуур явж ирээд гараа угаалгүй хоол иддэг хүн Монголд нэг ч байхгүй гэдэгт итгэлтэй байна. Микронд хэдхэн төө зайтай өөдөөс нь харж суучихаад амаа таглалгүй ханиалгаж , найтаачихаад жишим ч үгүй суудаг хэнэггүй монгол хүн одоо ховор. Корона бидэнд эв нэгдэл, хамтын хүчийн үр дүнг харууллаа. Монголчууд хэчнээн өгөөмөр ард түмэн бэ гэдгийг ч баталлаа. Бас монголчуудын сэтгэл хөдлөл салхи шуурга мэт түрэмгий ч хэчнээн цайлган, өрөвчхөн ард түмэн бэ гэдгийг өнөөх Францаас ирсэн Анх-Отгоны хэрэг явдлаас харж болно.

Тэр бүү хэл баргийн өвчинд дийлдэшгүй тэнгэр заяат ард түмэн гэдгээ корона байгаагүй бол бид яаж дэлхий дахинд харуулах билээ. Аливаа бүхнийг анагаах увидастай гайхамшигт Гандангийн үрэлийг гадныхан бүү хэл дотооддоо ч мэдэж чадалгүй өнгөрөх байв. Цагаа тулсан газар ямар хурдан шуурхай арга хэмжээ авдаг аминдаа арчаатай ард түмэн бэ гэдгийг хөл хорионы сургаар дэлгүүрийн лангуу хоосорсон явдал батална. Зөвхөн Монголд ч гэлтгүй нэр муутай корона дэлхий дахинд олон зүйлийг ойлгуулав. Урд хөршийнхөнд юу хамаагүй идэж болохгүйг ойлгууллаа. Солонгосын ард түмэн шашинд хэр автсаныг харууллаа. Тэгж яривал европчууд өөрсдийгөө төгсрөөгүйг, Америкчууд номер нэг мундагууд биш гэдгийг ухаарууллаа. Хамгийн гол нь монголчуудыг монгол ахуй, эв нэгдэл нь аварна гэдгийг корона бидэнд ойлгуулав. Тэгэхээр одоогоор коронаг үзэн ядах хэрэггүй. Зүгээр байхад нь зүү шидээд байвал зөрүүлээд тэвнэ шидвэл яана. Аливаа бүхэнд эерэгээр хандах уриагаа бат баримталж, коронад ч гэсэн эерэг хандацгаая. Тэр хэдий аймшигтай ч бидэнд олон сайн чанар өглөө.