Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар эрчим хүчний зарим дүрмийг шинэчлэн баталлаа. Энэ талаар Эрчим хүчний яамны Эрчим хүч, Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Насантогтохоос тодрууллаа.
-Цахилгаан эрчим хүчтэй холбоотой ямар дүрмүүдийг шинэчилсэн бэ?
-Засгийн газрын хуралдаанаар Цахилгаан, дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм, Эрчим хүчний шугам сүлжээний хамгаалах дүрмийг шинэчлэн баталлаа. Эдгээр дүрмүүдэд 2001 оноос хойш шинэчлэл хийгээгүй байсан. Энэ нь эрчим хүчээр хангагч байгууллага болон хэрэглэгчийн харилцааг зохицуулсан дүрэм юм. Ялангуяа хэрэглэгчтэй холбоотой томоохон заалтуудыг шинэчилсэн. Хэрэглэгчдийн хамгийн их хүсэлт тавьдаг асуудал нь эрчим хүч хэрэглэхтэй холбоотой техникийн нөхцлийн асуудлуудыг энд тусгасан. Техникийн нөхцөл гэдэг нь эрчим хүч авах, холболт авах зөвшөөрөл юм. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчийн хүсэлт, саналыг 100 хувь цахимаар авдаг болсон. Мөн хэрэглэгч хүсэлт гаргасныхаа дараа хийж байгаа тооцооллыг цахимаар бүрэн хянах боломжтой системийг нэвтрүүлсэн. Үүнийг баталгаажуулсан дүрмийг баталлаа. Хоёрдугаарт, шугам сүлжээг хамгаалах дүрмийг шинэчилсэн. Тухайн хэрэглэгч төв суурин газрын шугамын зурваст зөвшөөрөлгүйгээр шууд хашаа хатгах, шугамын трасст өөрчлөлт оруулах зэргээр хүндрэл учруулдаг. Ингэж хүндрэл учруулсан хэрэглэгчийг эрчим хүчээр хангахгүй байх заалтыг тусгасан. Эрчим хүчээр хангагч, хэрэглэгч хоёрын бүх харилцаа цахим болсон гэдгийг онцлон хэлье. Хэрэглэгч бүх бичиг баримтаа онлайнаар бөглөсний дараа тооцооллын хариунууд нь гарна. Ингэснээр төрийн үйлчилгээ хүний оролцоогүйгээр, хурдан шуурхай болох юм.
-Эрчим хүч хэрэглэж байгаа хүн бүр санал, гомдол, хүсэлтээ заавал цахимаар өгнө гэсэн үг үү?
-Эрчим хүч хэрэглэж байгаа хэрэглэгчийн санал хүсэлт ямар ч нөхцөлд нээлттэй. Өмнө нь утсаар болон цахимаар авч байсан, одоо ч хэвээр. Харин эрчим хүч хэрэглэх, техникийн нөхцөл хүссэн асуудал гарвал www.dulaan.mn, www.tog.mn сайтуудад хэрэглэгч онлайнаар баримтаа бөглөөд бүрдүүлж өгнө. Өмнө нь цаасаар гарын үсэг зуруулах, бүрдүүлэх зүйлс дутуугаас болж эргэж буцах, хангагч байгууллагад иргэн өөрөө очиж материалаа өгөх, Эрчим хүчний яаманд очиж өгдөг байсныг шинэ шатанд оруулсан гэсэн үг. Энэ дүрмийн бас нэг онцлог нь явцыг иргэн өөрөө хянадаг болсон. Өөрөөр хэлбэл, миний гаргасан хүсэлт ямар явцтай байна, тооцоо нь хаана, хэнд байгаа вэ гэдгийг өөрийнхөө нууц үгээр ороод хянах боломжтой. Хэрэглэгч талдаа илүү хялбар болсон гэсэн үг.
-Цахилгааны үнэ тарифтай холбоотой шинэчлэгдсэн зүйл байгаа юу?
-Үнэ тарифтай холбоотой шийдлүүд гараагүй. Дүрмийн шинэчлэлтэй холбоотой үйлчилгээ гарсан.
-Дээрх дүрмүүд аж ахуйн нэгжид ихэвчлэн хамаарах уу?
-Айл өрх, аж ахуйн нэгж аль аль нь хамаарна. Эрчим хүч хэрэглэж байгаа, хэрэглэх хүсэлт гаргасан ямар ч хэрэглэгч хандаж болно гэж ойлгох хэрэгтэй.
-Орон сууцаа зарсан тохиолдолд хэрэглэгчийнхээ нэрийг цахимаар сольж болох уу?
-Хэрэглэгчийн кодоороо тухайн хангагч байгууллагадаа хүсэлтээ гаргана. Иргэд хэрэглэгчийнхээ кодоор билл буюу тооцооны хуудсаа авдаг шүү дээ. Орон сууцаа зарахдаа ийм төлбөртэй байгаа гэдгээ хавсаргадаг. Түүнийг нь худалдан авч буй хүн буцаагаад тодруулдаг байдлыг ч мөн онлайнаар шийдээд явах боломжтой.
-Өмнө нь хэд хоногт шийдэгддэг байсан юм бол. Одоо онлайнаар бөглөж, шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлэхээр хэдий хэр хугацаанд асуудлаа шийднэ гэсэн үг вэ?
-Хоёр дахин багасаж байгаа. Өмнө нь нэг сарын хугацаанд байсан бол одоо 14 хоногт болсон.
-Хамгийн хурдандаа хэд хоног байх вэ?
-Тухайн хүсэлт гаргасан хуулийн этгээд, иргэний хүсэлттэй холбоотой байршил, горимын тооцоог хамгийн ихдээ 14 хоног гэж тооцож байгаа бол, түүнээс бага нь гурав хоног гэж тооцсон.