Буудалд амиа алдсан 13 настай охины хэрэг одоо болтол шийдэгдээгүй байгаа билээ. Тэгвэл энэхүү хэргийн шүүх хурал энэ сарын 29-нд Баянзүрх дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд 09.00 цагт болох юм байна.
Шүүх хуралтай холбогдуулан талийгаач охины аав хэвлэлийнхэнд хандан тусламж гуйжээ. Тэрбээр фэйсбүүк хуудсаараа дамжуулан Mbl Lhagvaa “2017 оны наймдугаар сарын 22-23-нд шилжих шөнө энэ хоёр алуурчин миний охины амийг авч одоод 10 гаруй сарын хугацаа болжээ.
Энэ хугацаанд сэтгэлийн дэм туслалцаа, хандив үзүүлсэн бүх хүмүүстээ баярлаж байгаагаа бас дахин илэрхийлье. 2018 оны зургадугаар сарын 29 -ны өглөө 09.00 цагт Баянзүрх дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхэд хоёр алуурчны шүүх хурал болох гэж байгаа тул хэвлэл мэдээллийнхэн, найз нөхөд, миний Монголын сайхан сэтгэлт аав, ээжүүд ирж надад сэтгэлийн дэм хань болж туслалцаа үзүүлэхийг хүсэмжлэн гуйж байна” хэмээн бичжээ.
Хэргийг эргэн сануулвал, охин ээж рүүгээ очно гэж гараад хөршийнхөө хоёр залуугийн хүчинд автаж, буудалд архиар шахуулж, амиа алдсан байдаг. Гэсэн ч хэрэг гарсны дараа түүнийг гадуур их явдаг, замбараагүй байсан гэх мэт мэдээллийг сэжигтэний талаас зориуд тарааж, мөн хэргийн ул мөрөө баллах оролдлого удаа дараа хийж байсан билээ.