Халдварт вирусээс зугтаж эх орондоо ирсэн зарим нэг хүмүүс дарга, цэргээр утсаар яриулж, бүр тусгай ор нэхэж ажилд нь хүндрүүлж учруулж байгаа талаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр мэдээлэл хийв. Эрх дураараа байхыг эрмэлзсэн хүн хэн бэ гэсэн таамаг соошл орчинд өрнөж байх зуур АН-ын дарга С.Эрдэнэ гарч ирэн мэдээлэл хийхдээ “Гадаадаас иргэдээ авах нэрийдлээр даргын авгай, хүүхдийг онгоцоор зөөж байгааг эсэргүүцэж байна” гэлээ.
Эндээс нэг л дүгнэлт гарч байгаа юм. Б.Ууганбаяр хурандаа руу дарга нараар утас цохиулж, гэрээсээ ор нэхэж буй тэр хүн бол даргын авгай гэсэн дүгнэлтэд хүрлээ, нийтээрээ. Ер нь даргын авгай л бол даргын авгай байдаг гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрөх ёстой юм, бид. Тэр хүн бол өвлийн утаанаас зугтаж гадаадад амрах эрхтэй.
Өвчин гарахад хамгийн түрүүнд зугтах ёстой. Эх орондоо ирээд энгийн иргэдийн дунд холилдох ёсгүй. Учир нь тэр бол даргын авгай. Эхнэртээ ийм эрх мэдэл авчрахын тулд л дарга болдог. Канадын Ерөнхий сайдын эхнэр шиг энгийн эмнэлэгт хэвтэж, иргэд дундаа холилдож, эмчилгээ авч байгаадаа баярлах нь тэнгэр заяанд үл нийцнэ. Хөх толботой, хаадын удмын даргын эхнэрүүд бол Канад зэрэг улс орны төрийн тэргүүн нарын эхнэрүүд шиг энгийн эмнэлэгт хэвтэж, эмчилгээ үйлчилгээ хийлгэж доошоо орохгүй л дээ.
Тиймээс таван одтой зочид буудлын тусгай өрөөнд үйлчилгээ авахаас гадна өөрийн гэр орон шигээ тухтай үйлчилгээ авах ёстой билээ. Харин түүнийг нь мэдээгүй бид л шүүмжилж, муулж алдаа хийх шахлаа. Ер нь ч тэгээд утсаар ярихаас хэтрэхгүй байгаа нөхөр дарга үнэхээр арчаагүй юм. Тив дамжиж онгоц нисгэж авгайгаа авчирсан атлаа тусгаарлах байрыг нь ч бас тусгайлан бэлтгэх ёстой биз дээ.
Таван одтой зочид буудлыг тэр чигээр нь түрээслээд өгч чадахгүй “дарга” нэрээр ч яах юм билээ. Энгийн иргэд дунд хольж, сольж, сувиллын жижиг оронд хэвтүүлж байгаа “дарга” нөхрийгөө манай даргын авгай ч дараа тухтайхан загнах нь зөв байх шүү. Сална гэж айлгасан ч яадаг юм. Бүх зүйл нь тусгай даргын авгайгаас коронавирус ч айгаад зугтаж мэднэ. Гай дайрч өвчилсөн ч “тусгай” л хүрэх учраас тэнгэр заяанд нь даатгаад тэр хавьд ч эмчлэхгүй орхих нь бас зүгээр байх. Тэгэхгүй бол эгэл ардаас гаралтай эмч нар биед нь хүрвэл утасдахаас ч аймаар асуудал үүсч мэднэ.