Коронавирусийн халдварын улмаас дэлхий дахинаа амны хаалт, гар ариутгагч нэн хэрэгцээтэй байгаа бол гуравдахь нь нойлын цаас болж таарсан. Дэлгүүрийн лангуун дээрх нойлын цаас дэлхий дахинд хамгийн борлуулалттай бүтээгдэхүүнээр шалгарч, манайхны гурил, будаа, махны борлуулалтыг давж гарсан нь гайхаш төрүүлэв.
Тэр ч байтугай зохиомол хомсдол үүсгэхгүйн тулд, АНУ, Канад зэрэг улсууд нэг хүний авах нойлын цаасны хэмжээг хязгаарлах зохицуулалт хийсэн гэх. Нойлын цаас, корона хоёр ямар сэжмээр холбогдоод байгааг ухаж ойлгохгүй хүн ч олон байв. Австрали улсад гэхэд л нойлын цаасыг орлуулахын тулд сонингууд нь найман хуудсаас илүү хэвлэх болжээ. Эндээс харахад, нойлын цаасыг зөвхөн ариун цэврийн өрөөндөө л хэрэглэдэг гэсэн ойлголт хоцрогджээ, хүмүүс минь.
Ганцхан монголчууд ч биш дэлхий нийтээрээ олноор нөөцлөөд байсан нь учиртай юмсанж. Тухайлбал, хөгжингүй орнуудад амны хаалт дутагдаж, манайх шиг гарын доорх хөнжлийн даавуу гэх мэтийн материалаар өөрсдөө хийж чадахгүй. Бэлэн худалдаад авчихдаг болохоор амны хаалтны хомсдол үүссэн хэрэг.
Тиймээс аргаа ядсан цагт амны хаалт хийх мэргэн санаа орж иржээ, тэдэнд. Нэг удаагийн маскаа байнга хэрэглэх шаардлага үүссэн учраас амны хаалтныхаа дотор талд нь нойлын цаасаа хэд, хэд давхарлаж хийх юм байна. Яг л запас шиг. Боломжийн арга байгаа биз. Бас нойлын цаасыг тоглоом болгож, стрессээ тайлах замаар коронавирусээс сэргийлж байгаа гэнэ лээ. Томчууд нь мөрийтэй тоглоомын газраа хэдэн давхраар нь өрчихсөн покер тоглож байна.
Залуус болон багачууд нь автомат тоглоомын газар чихмэл тоглоом биш нойлын цаас авч байх жишээтэй. Бас гэрийн хорионд орсон хүмүүс юу эсийг хийх вэ. Хөдөлгөөнтэй байхын тулд хоёр талдаа зөөж, дасгал хүртэл хийж байна билээ. Ердөө л их хэмжээгээр нөөцөлсөн шалтгаан нь энэ байжээ. Мөн гадны улс оронд цэцэг сарнай биш нойлын цаас бэлэглэх юм бол охид шууд л болзоонд явахыг зөвшөөрч буй сурагтай. Манайхан ч нойлын цаасаа нөөцлөөд байсан нь саяхных. Бид чинь дэлхийн хөгжлөөс хоцрохгүй гэж хичээж байжээ. Ерөөсөө л цаастай л байвал аз жаргалтай, амьдралдаа сэтгэл хангалуун, тэр ч байтугай гайт вирусээс ч хамгаалах юм байна. Тэгэхээр гурил будаа бус гарч нойлын цаасаа худалдаж авцгаая.