ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

М.Энх-Амар: Он гарсаар ахуйн хүрээний ослоор таван хүүхэд эндсэн

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-03-25

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд гэр бүл хөгжлийн газрын дарга М.Энх-Амараас хөл хорионы үед хүүхэд, багачуудыг аюул, ослоос хэрхэн урьдчилан сэргийлж байгаа талаар тодрууллаа. 

-Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосонтой холбоотойгоор Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ? 

-Дэлхийн нийт болон манай улсын хэмжээнд цар тахалтай хэрхэн тэмцэх,  урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хүүхэд хамгааллын бодлого ямар байх, яаж аюулгүй орчинд хамгаалах вэ гэсэн чухал хариуцлагатай үед бид ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар  улсын  хэмжээнд 1439 цэцэрлэгт 2-5 насны 263.3 мянга хүүхэд,  ЕБ-ын 820 сургуульд 640 орчим мянган хүүхэд   болон  их дээд сургуулийн оюутнууд хөл хорионд  орсон. Өнгөрсөн хугацаанд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд Засгийн газрын тушаал, Улсын онцгой комиссын удаа дараа гаргасан шийдвэрээр гэр бүлийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах,  болзошгүй гэмтэл  ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, удирдамж гарсан. Эдгээрийг хэрэгжүүлэх чиглэлээр голчлон анхаарч ажиллаж байна. Үүнтэй холбоотой агентлагийн даргын хэд хэдэн тушаал гарч,  салбар байгууллагад  үүрэг чиглэл өглөө. 

-Онцгой нөхцөл үүссэн тохиолдолд хүүхдийг хэрхэн хамгаалах ёстой вэ?

-Нийслэл, орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хүүхэд асран хамгаалах, түр хамгаалах 30 орчим байгууллагад хоёр удаагийн ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулсан. Эрсдэлт өртсөн айл өрхүүдийн судалгаа хийж байна. 2019 оны Засгийн газрын тогтоолоор онцгой нөхцөл байдлын үед хүүхдийг хэрхэн хамгаалах талаарх журам батлагдсан юм. Журмын хүрээнд өнгөрсөн хугацаанд  түргэвчилсэн эрсдэлийн үнэлгээг хийсэн. Түргэвчилсэн үнэлгээгээр нийт 86 мянган айл өрхийн мэдээллийг авлаа. Үүнээс  50212 нь нийслэлд, 36 мянга орчим нь хөдөө орон нутагт байсан. Энэ судалгаанас үзэхэд 86 мянган айл өрхөөс 13 мянга нь эрсдэлийн түвшин өндөр. Мөн бага насны хүүхдээ хараа хяналтгүй үлдээгээд явдаг айл өрхүүд  олон байсан. 200 орчим айл өрх хоол хүнс дутагдалтай гэсэн судалга гарсан. Тиймээс эдгээр судалгаанд тулгуурласан  арга хэмжээг авч байна. 

-“Хүүхэд эрхэм хэрэглэгч” хэмээх аяныг хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэ хүрээнд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ? 

-Холбогдох сайд нарын гаргасан тушаалаар “Хүүхэд эрхэм хэрэглэгч” аяныг зохион байгуулж байна. Манайх ч энэ хүрээнд тодорхой үүрэг чиглэл хүлээсэн. Хүүхэд багачуудыг гэртээ аюулгүй амьдрах  зөвлөмжийг гаргаж,  бүх  шатны байгууллагад  ажилладаг эцэг эхчүүдээр нь дамжуулж үнэлгээ хийлгүүлээд, буцааж аваад дүгнэх ажлуудыг  цахим хэлбэрээр хийж байна. Мөн бага насны хүүхдүүдийн дасгал хөдөлгөөнийг сайжруулах хүрээнд бичлэг хийгээд цахимаар хүргэж байгаа юм. Түүнээс гадна гэрийн эрүүл мэндийн хайрцаг, номын санг хэрхэн цэвэрлэх, ариутгах гэх мэтчилэн олон ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж байна. 21 аймаг, нийслэлийн бүх  дүүрэгт чиглэл өгсөн. 

-Дулаарсантай холбоотой хүүхдүүд олноороо гадаа тоглож байна. Хүүхдүүд цугларч байгаа нь коронавирусийн  тархалт үүсэх эрсдэл үүсч болзошгүй байна шүү дээ. Үүнийг хэрхэн анхаарах ёстой юм бол? 

-Сүүлийн үед  хүйтний эрч буурч удаан хугацаанд гэртээ байсан хүүхдүүд үнэхээр байж ядах нь аргагүй. Тэр дундаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбайд маш их цугларч байна. Нэгэнт Эрүүл мэндийн яам, ДЭМБ-аас гэрээсээ аль болох гарахгүй байх чиглэл өгсөн учраас эцэг, эхчүүд анхаарах шаардлагатай байна. Хоёр хүний харьцах зайг 1-2  метр  болгосон.  Энэ өвчнөөр хүүхэд эрсдэлд өртөх нь бага гэсэн боловч анхаарал болгоомжоо сулруулж болохгүй. Манайх нийслэл,  дүүрэг,  орон нутгийн түвшинд эргүүлийн ажлыг нэлээд хийж байгаа. Гэхдээ  эцэг, эхчүүдийн үүрэг оролцоо маш чухал.

-Ахуйн хүрээний архидалт ихсэж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээлж буй. Үүнийг дагаад хүүхдийн эрх зөрчигдсөн тоо баримт байгаа юу?

-Зарим орон нутаг,  үйлчилгээний байгууллагад архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудын  цагийг багасгах, борлуулахгүй байх шийдвэр гарсан. Энэ хүрээнд ахуйн хүрээний архидалт эрс нэмэгдэж байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирж байгаа. 108 хүүхдийн утасны дуудлага 20 орчим хувиар нэмэгдсэн гэсэн мэдээлэл ч бий. Гэхдээ холбогдох байгууллагаас хүүхэд, багачууд хүчирхийлэлд өртөж байгаа эсэхийг судалж,  илрүүлгийн ажлыг багагүй хийж байгаа учраас нуугдмал байсан  архидалт ил  гарч байна. Үүнийг дагасан дуудлага ч нэмэгдсэн. Харин сургууль орчмын  дуудлага, зөвлөмж авах байдал эрс буурсан. Бид хяналт шалгалтыг  сайн явуулж байгаа. 

-Хүүхэд гэртээ, харгалзах хүнгүй байхдаа гэмтэж бэртэх нь их байна. Үүнд эцэг эхчүүд хэрхэн анхаарах вэ? 

-Он гарснаас хойш ахуйн хүрээний ослоос болж  таван хүүхэд эндсэн. Хамгийн гол зөвлөмж нь эцэг, эхчүүд гэрийнхээ техник хэрэгсэл, тог цахилгааныг анхаарах, энгийн аргаар урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Ийм эрсдэлтэй цаг үед  хүүхдээ хараа хяналтгүйгээр гэрт нь үлдээмээргүй байна.