Баянхонгор аймгийн Богд сумын нэгдүгээр багийн малчин Д.Хандыг “Эгэл амьдрал” буландаа урьж ярилцлаа.
-Сайн байна уу, Сайхан хаваржиж байна уу?
-Сайн, сайн байна уу. Сайхан хаваржиж байна.
-Та хэдэн жил мал маллаж байна вэ?
-Би удам дамжсан малчин хүн. Миний хувьд наймдугаар анги төгсөөд 1973 онд МХЗЭ-ийн илгээлт авч хөдөө мал маллахаар болсон. Тухайн үед илгээлтийн эздийг туршлагатай малчдад хуваарилж өгдөг байлаа. Миний хувьд өөрийнхөө буурай аав, ээж дээр 180 толгой төллөх хонь авсан түүхтэй. Хонь нэг бүрийг хоргодолгүй төллүүлж шагнал урамшил ч авч байлаа. Түүнээс хойш хоёр жилийн дараа ханьтайгаа учирч гэр бүл болсон. Адуучны гэргий болж 1990 он хүртэл гүү саасан даа. Тэр цагаас хойш өнөөг хүртэл малаа малласаар, бид гурван хүү, дөрвөн охины аав, ээж болсон байна. Ач зээ нарын тоо 20 хүрсэн.
-Таны ханийг аймгийн Алдарт уяач, Аварга малчин гэж сонслоо?
-Тийм ээ. Миний ханийг Доржийн Лувсандагва гэдэг. Манай хүн ёстой л ясны адуучин шүү дээ. Бид хамтын амьдрал эхлүүлээд 50 жил болж байна. Манай хүүхдүүд бүгд малчин болцгоосон. Мал малын захтай хүнээс дутахгүй сайхан л амьдарч байна.
-Хувьчлалаар хэр олон мал хүлээж авсан бэ. Нууц биш бол хэчнээн толгой малтай вэ?
-Тухайн үед манайх 350 гаруй адуутай, 150 орчим гүү сааж байсан. Аймаг сумын аварга малчин гээд хань маань олон шагнуулна. Өмч хувьчлалаар овоо хэдэн мал авсан. 800 гаруй бог, 180- аад адуу, 70-80 үхэртэй байсан. Харин 2010 оны зуднаар нэлээд үрэгдсэн. Гэхдээ яах вэ, малын тоо толгой сайхан өсч үрждэг. Ёстой “Эзэн хичээвэл, заяа хичээнэ” гэж үг бий шүү дээ. Одоо хэдэн хүүхдүүд маань мал малын захтай сайхан л амьдарч байна. Тэмээнээс бусад нь манайд бий. Миний хувьд сүүлийн жилүүдэд сумынхаа төвд амьдарч, ач зээ нараа харж байна. Хань маань хөдөө гэртээ малаа маллаж байна. Миний хувьд намар сургууль цуглахад ирээд, хавар хичээл тарахаар хөдөөдөө гардаг.
-Хөдөө, орон нутагт бэлчээрийн асуудал нэлээд гардаг болжээ. Танай нутагт бэлчээрийн даац хэр хүрэлцээтэй вэ?
-Мал гэдэг чинь ёстой буян байхгүй юу. Хуртай, газар ногоо сайхан гараад ирэхээр хөдөө нутаг гэдэг сайхан шүү дээ. Сүүлийн жилүүдэд бэлчээрийн асуудал хэцүү болсон. Мал тоо толгой нэлээд олширсон. Гэхдээ нутаг, нутагт янз бүр байна.Манай нутгийнхан малын тоо гэхээс илүүтэй чанарт ихээхэн анхаардаг болсон. Зарим нутагт газар шороогоо их л ухаж, сэндийчиж байгаа дуулдах юм. Манай нутаг уул уурхайгаас хол.
-Малчдын орлого, хөдөлмөрт сүүлийн жилүүдэд нэлээд анхаарч байгаа. Энэ талаар та ямар санаа бодолтой байдаг вэ?
-Дэлэнт малын хишиг гэж бий. Дээрээс нь малчин хүний уйгагүй хөдөлмөр зүтгэл байхад муухай амьдрах ёсгүй. Мөн төр засгаас багагүй анхаарал хандуулж байна. Би олон айлын амьдралыг мэдэхгүй. Гэхдээ нэг хүүгийнхээ талаар өгүүлэхэд 500 шахам богтой, хоёр азарга адуутай, 10 гаруй үхэртэй тов хийтэл амьдарч байна. Цаашид, малын тоо толгой өсөх, өсөхгүйг хөдөлмөр нь харуулаад өгнө шүү дээ.
-Сүүлийн үед ноолуураас ашиг гаргахгүй гэсэн мэдээлэл дуулдах юм. Энэ үнэн үү?
-Ноолуураас ашиг олно. Гагцхүү олсноо зөв зарах л хэрэгтэй. Сүүлийн үед өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэлээд өссөн. Малын тэжээл багагүй үнэд хүрсэн. Жилийн жилд ноолуурын ханш 120-130 мянгад хүрдэг.
-Малчид бог малаа саахаа больсон гэх юм?
-Манай нутагт бог малаа саадаг. Сүү нь өтгөн сайхан шүү дээ. Гаднаа машингүй айл байхгүй болсон. Зөөврийн антен тавиад интернет тавиулаад гар утсаараа, цахим орчинтой холбогдож байна. Малын буян байна, идэш хоолоор тасарна гэж байхгүй. Өвөлжөөндөө хотынхноос дутахгүй байшин бариад амьдарцгааж байна.
-Сүү цагаан идээгээ хэрхэн борлуулж байна вэ?
-Хамгийн их борлуулалттай зүйл бол цагаан идээ шүү дээ. Малынхаа бүтээгдэхүүнийг хаа сайгүй борлуулна. Сум, аймаг, хот гээд худалдан авах газар их бий. Хамгийн гол нь элдэв хольцгүй, цэвэр бүтээгдэхүүн хийх хэрэгтэй. Нэг үеэ бодвол хотынхон маш их цагаан идээ иддэг болсон. Манай нутагт ааруул 15 мянга хүрнэ. Харин ховордоод ирэхээр 20 мянга хүрдэг үе бий. Мөн шар тос, ингэний хоормог гээд зарж борлуулах, малын ашиг их байгаа. Бид өрхийнхөө хэрэгцээнд жилдээ ааруул 50 кг, шар тос 15 кг, цагаан тос 20 кг-ыг нөөцөлдөг юм. Ингэний бүтээгдэхүүнээ айлаас авна. Түүнээс гадна манай нутаг байгалийн баялаг ихтэй. Ууландаа зэрлэг сонгино, нам дор газраа хармаг, гоёо, цулхир, мөөг гээд олон ургамал ургана. Хармагаа дарж сайхан дарс хийнэ. Амт гэж янзын. Холбоолжийн нуураас амны давс, буултаа гаргана. Шавар нь эмчилгээний зориулалттай Цулхираараа гурил хийчихнэ. Бид ч ёстой байгалийн буян хишгийг хүртэж суудаг хувьтай хүмүүс. Ер нь малчин хүн жинхэнэ байгалийн бүтээгдэхүүнээ идээд байхад өвдөхгүй дээ.