ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Нарангэрэл: Коронавирусийн хоёр дахь давалгаанд залуус өртөж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-03-27

Эрүүл мэндийн яамнаас 11.00 цагийн шуурхай мэдээллээ хүргэлээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй аж. ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ “Дэлхийн 201 оронд халдвар бүртгэгдлээ. COVID-19 халдварын хоёр дахь давлагаанд залуус өртөж, 10-45 насныхан өвчилж, хүндэрч байгааг дэлхийн эрдэмтэд онцлон анхааруулсан.

Мөн Нидерландад цэвэрлэх байгууламжийн хоолойноос коронавирус илрүүлсэн. 465.9 мянган хүн халдвар авч, 20 мянга гаруй хүн амиа алдлаа. Сүүлийн хоёрхон хоногт халдвар 100 мянга гаруйгаар нэмэгдлээ. Ядуу буурай орнуудад халдвар тархвал сая сая хүн амиа алдаж болохоор байна. Одоо л тогтоон барихгүй бол хүн төрөлхтөнд аюул нүүрлэнэ. Тийм ч учраас НҮБ-аас хоёр тэрбум ам.долларын төсөвтэй хүмүүнлэгийн тусламжийг ядуу буурай орнуудад үзүүлэх хөдөлгөөнийг эхлүүлсэн” гэсэн юм. Харин ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Нэгдүгээр сарын 9-нөөс хойш 3633 иргэн тусгаарлагдсанаас өнөөдрийн байдлаар 2816 иргэн тусгаарлах байранд байгаа.

Тусгай үүргийн онгоцонд явах эмч, мэргэжилтэн болон COVID-19 халдварыг илрүүлэх нэг удаагийн оношлуурыг бэлдсэн байна. Онгоцонд суух иргэд амны хаалт, нэг удаагийн бээлий өмсөнө. Онгоцонд иргэдийн халууныг хоёр цагт тутамд шалгана. Халдварын нууц үеийн дундаж хугацаа 5.5-19 хоногт гэж шинжлэх ухааны сэтгүүлүүдэд бичиж байгаа учир бид тусгаарлан ажиглах хугацааг 21 хоног болголоо. Халдвар авсан хүмүүсийн 38 орчим хувийг 20-54 насныхан эзэлж байгаа. Өнөөдөр Монголын цагаар 19.00 цагаар ДЭМБ-аас бүх улс орны эрүүл мэндийн сайдуудтай цахим хурал хийнэ. Манай сайд хуралд оролцоно” гэсэн мэдээлэл өглөө.