Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, Монгол Улсад шинээр нэмж тохиолдол илрээгүй гэдгийг зарлалаа. Мөн ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү сэжигтэй болон тусгаарлагдсан иргэдийн шинжилгээний хариуны талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр, “Дархан-Уул аймагт 23 иргэн тусгаарлагдсанаас хоёр сэжигтэй тохиолдол Дархан хотын Халдвартын эмнэлэгт тусгаарлагдсан.
Нэг нь Макао, Хонгконг, Сингапур, Камбож, Тайланд, Турк, Москвагаар дамжиж яваад ирсэн, 37.2 халуунтай, "хоолой өвдсөн" гэх зовиуртай байсан гэж мэдээлсэн. Хоёр дахь иргэн нь “Бие зарайгаад байна” гэсэн зовиуртай Якутаар дамжиж ирсэн тухай мэдээлсэн юм. Эдгээр иргэдийн шинжилгээний хариу гараагүй байна. Харин Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 96 хүний шинжилгээнээс вирус илрээгүй. Халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтал болох 71 хүний давтан шинжилгээгээр коронавирус илрээгүй" гэлээ.
Тусгай үүргийн дөрвөн удаагийн нислэгээр ирсэн 1000 орчим иргэнийг эрэмбийн дагуу ээлж дараалан шинжилгээнд оруулж байгаа. Тухайлбал, өнөөдөр Токиогийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 100-гаад хүнийг шинжилгээнд оруулах юм байна. Ингэснээр нийтдээ тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийг хянаж дуусна гэдгийг онцоллоо. Мөн энэ оны гуравдугаар сарын 25-ны өдөр ХӨСҮТ-д нэг иргэн тусгаарлагдаж, шинжилгээ өгсөн ч вирус илрээгүй байна. ХӨСҮТ-д өнөөдөр 208 иргэн тусгаарлалтад байгаа бөгөөд өчигдөр 11 дэх тохиолдол болж бүртгэгдсэн иргэнтэй хамт байсан иргэнээс мөн л вирус илрээгүй гэх мэдээлэл өглөө.